2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ЗУРГААН АЙМГИЙН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ЧУУЛЛАА

Гэмтэл согог судлалын ээлжит 21 дүгээр чуулганыг Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ эмчилгээний төв хамтран Өвөрхангай аймагт зохион байгууллаа. Тус чуулган нь энэ оны эхнээс зургаан сарын хугацаанд манай аймагт хэрэгжсэн “Орон нутагт гэмтэл согог судлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хэрэгжилттэй холбогдуулан зохион байгуулагдаж буйгаар онцлог.

ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 орчим иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13,5 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Төслийг орон нутагт хэрэгжүүлснээр сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, хот руу явах иргэдийн урсгалыг багасгах, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Түүнчлэн төсөл хэрэгжих хугацаанд таван ээлжийн 30 орчим эмч мэргэжилтнүүд аймгийн БОЭТ-д ажиллаж тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах, гавлын ясны цөмөрсөн хугарлыг сөхөх, дээд мөчдийн ясны хугарлыг ил аргаар бэхлэх, үхжилт эдийг авах зэрэг тэр бүр орон нутагт хийгээд байдаггүй мэс заслыг хийж, 900 орчим иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.  

Чуулганд зургаан аймгийн арван эмнэлгийн 100 орчим гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүд оролцож, сайн туршлагаа солилцож, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний техник тоног төхөөрөмж, оновчтой судалгаануудыг иргэдэд танилцуулж санал хүсэлтийг сонслоо.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх