2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сургалтыг зохион байгуулж байна. Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд жендэрийн мэдрэмжтэйгээр шийдвэр гаргадаг байх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, жендэрийн нэгдсэн ойлголтыг өгөх, бодлого төлөвлөлт боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна. 

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг сургалтын үеэр “Хүмүүсийн нийтлэг ойлголт нь жендэрийг эмэгтэйчүүдийн эрх гэж ташаа ойлгоод байдаг. Угтаа жендэр нь эрэгтэй, эмэгтэй  хүний тэгш эрхийн асуудал юм. Эдийн засаг нийгэм, улс төрийн бүхий л оролцоон дээр тэгш байх ёстой. Энэхүү зарчмыг төрийн байгууллагын удирдлагууд шийдвэр гаргахдаа хэрхэн хэрэгжүүлж, бодлого үйл ажиллагаандаа тусгах талаар бид арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл сургалтыг зохион байгуулна” гэв.

Сургалтад оролцогчид “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол, хандлага, Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт, Жендэрийн ялгаварлан гадуурхалт, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа, байгууллага дахь жендэрийн тэгш байдал сэдвийн хүрээнд нэгдсэн ойлголт авч байна.

Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Х.Мөнхзул, Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Х.Цэцгээ нар багтсан бөгөөд Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд манай аймагт ажиллах юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх