2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ЗАЛУУ МАЛЧДЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, туршлага солилцуулах зорилготой “Залуу малчдын аймгийн зөвлөгөөн” боллоо.

 Өвөрхангай аймгийн 117 мянган хүн амын 45 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг ба тэдний 35 хувь нь залуучууд юм. 2016 онд “Залуу малчдыг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж, малжуулах болон бусад зээлд хамруулах, хашаа хороогоо засах, өвс тэжээл бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аймгийн Политехникийн коллежид ахмад малчдын туршлагыг залуу малчдад өвлүүлэх зорилготой анги нээж, сүүлийн 3 жилд 100 гаруй залуу малчдыг төгсгөжээ. “Малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жилд дунджаар 60 орчим малчин  өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ба аймгийн хэмжээнд 2016 оноос хойш 1 тэрбум гаруй төгрөгийг залуу малчдыг малжуулахад зарцуулаад байна.

Түүнчлэн Өвөрхангай аймагт махны хоёр үйлдвэр, ноосны үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ажиллаж байгаа нь малчин өрхийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа гэдгийг малчид хэлж байлаа. Удахгүй арьс ширний үйлдвэр ашиглалтад орох бөгөөд малчдын өмнө тулгамддаг мал, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тодорхой түвшинд шийдэгдэнэ хэмээн зөвлөгөөний үеэр онцлов.  Зөвлөгөөнд 68 өрхийн 130  гаруй залуу малчид оролцсон бөгөөд аймгийн ХХААГ,  ХХҮГ-аас мэдээлэл өглөө

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх