2019 оны 10 сарын 23
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

УРТ ХУГАЦААТАЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна.
Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм. Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15,6 хувь болгож бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо. 

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх