2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР 1 КВТ ЦАГ ТУТАМД ГУРВАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА

Аймгийн хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралдаан болж, 7032-1111 утсаар иргэдээс ирсэн гомдол, мэдээлэлтэй танилцлаа.

Тус хуралдаанаар ЭБЦТС-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас цахилгааны үнэ тариф нэг квт цаг тутамд гурван төгрөгөөр нэмэгдсэн талаар албан ёсны мэдээлэл хийж, сошиалаар явагдаж буй өндөр үнийн тарифын мэдээллийг хуурамч гэдгийг онцоллоо. Цахилгааны шинэчилсэн үнийн тариф  дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн мөрдөгдөх ба иргэд  тавдугаар сард тогны мөнгөө төлөхдөө шинэчилсэн үнийн тарифаар тооцон төлөх юм.

 2015 оноос хойш эрчим хүчний үндсэн үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифт өөрчлөлт орсон байдаг. Гэтэл энэ хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөн нэмэгдэж байхад эрчим хүчний үнэ тариф хэвээрээ байна. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, дулааны эрчим хүчний үнэ хоёр дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байгааг дурдаад цаашид долоодугаар сарын 1-нийг хүртэл шаталсан байдлаар өнөөдрийн нэмэгдсэн гурван төгрөг 24 төгрөг хүртэл нэмэгдэнэ гэдгийг ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах инженер О.Бат-Эрдэнэ хэллээ.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх