2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

Т.Нарангарав: Аймгийнхаа бүх сумдад очиж, эмэгтэйчүүдийнхээ санал бодлыг сонсон оюуны хөрөнгө оруулалт хийж, харилцан суралцаж, хамтдаа хөгжихөөр зорьж байна

“Онцлох ярилцлага”-ын буландаа Өвөрхангай аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга  Т.Нарангаравыг урьж ярилцлаа.

-          Сайн байна уу? Танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлье

-          Сайн. Сайн байна уу? Танай сонины нийт уншигчдад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

-          Та Өвөрхангай аймгийн НАМЭХ-ны  даргын үүрэгт ажилд томилогдоод удаагүй байна. Таны сэтгэгдлээр ярилцлагаа эхлэе?

-          Өвөрхангай аймгийн НАМЭХ-ны даргаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сонгогдсон. 19 сумын гишүүд, манлайлагч эмэгтэйчүүд маань чуулж, шинэ дарга, тэргүүлэгчдийг итгэл хүлээлгэн сонгосон. Миний хувьд намын дэргэдэх болон олон нийтийн байгууллага, ТББ-д олон жил ажилласан бөгөөд аливаа сонгуульт  ажилд итгэл хүлээлгэн сонгоно гэдэг асар их хариуцлага гэж хардаг. Иймээс 19 сумын олон зуун бүсгүйчүүд итгэл, хариуцлага хүлээлгэн энэхүү ажилд томиллоо гэж бодож байгаа. Мөн  аймгийн НАМЭХ-ны даргын ажлыг үеийн үед олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч бүсгүйчүүд сонгогдож хийж ирсэн. Иймээс надад ямар их хариуцлага , итгэл хүлээлгэж байна вэ гэж бодохын зэрэгцээ миний бие дээрх бүсгүйчүүдийн энд хүрч ажиллаж чадах болов уу гэсэн битүүхэн айдастайгаар л ажлаа хүлээн авсан даа.

-          Өвөрхангай аймгийн НАМЭХ хэдэн тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна?

-          НАМЭХ бол МАН-ын дэргэдэх улс төрийн чиг баримжаатай үндэсний хэмжээний томоохон ТББ юм. Монгол улсын 21 аймгийн 330 суманд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үеийн үед эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж,эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд чиглүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн. Өвөрхангай аймгийн тухайд мөн 19 сумандаа салбартайгаас гадна одоогоор 14 тэргүүлэгч, даргын хамтаар сонгогдон ажиллаж байна. Салбар салбартаа манлайлагч мундаг бүсгүйчүүд шинээр орж ирж хамтран ажиллахаар болсонд үнэхээр баяртай байгаа. Бид хамтдаа ихийг санаачилж хийн түүх бүтээх болно.

-          ТББ-ын ажил цаг наргүйгээс гадна цалин мөнгөгүй байдаг. Та яагаад эмэгтэйчүүдийн байгууллагыг сонгон ажиллах болов?

-          Хүн ажилд орохын тулд өөрөө байгууллагаа сонгож анкет бөглөдөг. Тэгвэл ТББ-ын хувьд арай өөр. Миний тухайд 2004 оноос эхлэн улс төрийн тогоонд буцалж яваа улс төрч эмэгтэй. Энэ хугацаанд янз бүрийн чиглэлээр эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлэн гар бие оролцож явсан. Энэ бүхнийг манай намын хамт олон үнэлээд НАМЭХ-ны даргын ажлыг хийж чадна гэж харж, намын удирдлагууд итгэл хүлээлгэсэн. Мөн 19 сумын эмэгтэйчүүд маань намайг энэ ажлыг хийж чадна гэж итгэн хамтдаа зүтгэхээр сонгосон гэж бодож байгаа.Иймээс би тус ажлыг сонгож хийж байгаа гэхээс илүүтэй хүмүүс надад итгэл хүлээлгэж, итгэлийг нь дааж явах хариуцлага хүлээлгэсэн гэж хэлэх ёстой байх.

-          Та холбооны даргын ажлаас гадна ямар сонгуульт ажлын үүргийг гүйцэтгэж байгаа вэ?

-          Миний бие аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Нийгмийн бодлогын ажлын хорооны дарга, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч.

-          Ямар мэргэжилтэй хүн энэ холбооны даргаар томилогдсон бол гэж сонирхож байгаа уншигчид байж магадгүй. Та эзэмшсэн мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?

-          Би МУИС-ийг сэтгэл зүйч, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгэл судлалын ухааны магистр. Мөн МУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөнөөс гадна Ажил мэргэжил судлалаар магистр хамгаалах гээд явж байна.

-          Зарим хүмүүс намын дэргэдэх байгууллага учир намын гишүүдэд л хамааралтай гэж хардаг. Тэгвэл НАМЭХ бусад олон нийтийн болон ТББ-тай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-          Улс төрийн чиг баримжаатай гэхээр хүмүүс янз бүрээр хүлээж авч магадгүй. МАН  бол Монгол улсын нийт иргэдийн сайн сайхны төлөөх үзэл баримтлалтай, улс, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө л бодлогоо уралдуулж байгаа улс төрийн хүчин. Би улс төрийн хүчнүүд хоорондоо бодлогоороо л өрсөлдөх ёстой гэж хардаг. Тиймээс манай холбоо нам бус иргэд, бусад намын дэмжигчид, олон нийтийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдэд хаалттай газар биш гэдгийг онцлон хэлье. Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа болон ажлын байргүй гэртээ суугаа бүх насны эмэгтэйчүүдэд манай үүд хаалга үргэлж нээлттэй. Өвөрхангай аймгийн эмэгтэй хүн болгоны асуудал манай холбооны асуудал юм.

-          Тус холбооны үе үеийн дарга нар тодорхой бодлогыг баримтлан ажилласаар ирсэн. Та энэ холбооны цаашдын зураглалыг хэрхэн харж байгаа вэ?

-          Дээр дурьдсанчлан үе үеийн манлайлагч эмэгтэйчүүд энэ холбоог тэргүүлж явсан байдаг. Би тэдгээр хүмүүсээс суралцсаар ирсэн, цаашид ч суралцаж, хамтран ажиллана гэж боддог. Тэд өөр өөрийн гэсэн өнгө төрх, үзэл баримтлалтай, олон зуун гишүүдтэй байгууллагыг надад хүлээлгэн өгсөн. Миний хувьд өмнөх дарга нарын авч явж байсан бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр зорьж байсан ажлуудыг үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлэн бодлогын түвшинд авч явна. Үүнээс гадна ачааны хүндийг эмэгтэйчүүд маань үүрч байгаагаас шалтгаалж хөгжих, боловсроход нь саад учирч байна. Эмэгтэй хүн өөрөө боловсролтой, мэдлэгтэй, мэдээлэлтэй байж үр хүүхдийнхээ төлөвшилд нь нөлөөлнө. “Огтоны нүхэн дэх сувд” гэж хэлц үг байдаг.Өрх гэрийнхээ бүхий л зүйлийг зохицуулж, айлыг авч явж байгаа эмэгтэйчүүд хүчээ нэгтгэвэл маш том амжилтанд хүрнэ гэж би хардаг. Иймээс аймгийнхаа бүх сумдад очиж, эмэгтэйчүүдтэйгээ уулзан тэдний санал бодлыг сонсон оюуны хөрөнгө оруулалт хийхэд илүү анхааран ажиллахаар зорьж байгаа. Хүн ядруухан амьдарч, өмсөх хувцасгүй байхыг тэвчиж болно. Харин оюун ухаан хоосон байхыг тэвчиж болохгүй. Иймээс манай аймгийн бүх эмэгтэйчүүд, ээжүүд ухаалаг байгаасай, оюунлаг байгаасай, харилцан суралцаж, хамтдаа хөгжөөсөй гэж бодож ажлаа төлөвлөж байгаа.

-          Шүр сувд шиг гэдэг үгийг олон сонсоод ч тэрүү. Эмэгтэй хүнийхээ хувьд ямар гоёл чимэглэлийг сонирхдог талаар асуумаар санагдлаа. Та ямар гоёл зүүлтэнд дуртай вэ?

-           Эмэгтэй хүнд байгалиас заяасан гоёж, чамирхах зан чанар нуугдаж байдаг. Миний хувьд гоёл чимэглэлд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Ер нь хүмүүст харагдах байдлаасаа цэвэрхэн, биед эвтэйхэн хувцаслах дуртай. Бодоод байхад надад хүний нүд унаад байхаар гоёмсог чимэг зүүлт байхгүй юм байна. Ажил хэрэгч хослолууд дээрээ тохируулан зүүдэг цөөхөн хэдэн мөнгөн ээмэг, зүүлт бий. Гял цал юм, эсвэл нэг их том том алт эрдэнэ сонирхдоггүй нь олон жил төрийн албанд ажиллаж, үе үеийн мундаг хүмүүсийн дунд төлөвшил олж авснаас болдог байх. Ер нь үнэтэй цэнэтэй зүйлийг эдлэж хэрэглэснээрээ тухайн хүний үнэлэмж гарахгүй. Хэдэн саяын ээмэг зүүсэн ч толгой хоосон байх юм бол хэрэггүй шүү дээ. Тиймээс эдээр биеэ чимэхээс илүүтэй тархиа цэнэглэхийг л илүүд үздэг дээ.


-          Цөөн үгээр илэрхийлвэл “манлайлагч эмэгтэй” гэж  ямар хүнийг хэлэх вэ?

-          Манлайлагч хүнийг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг. Миний хувьд “өөрийнхөө эрх ашгийг алгасаж харж чадаж байгаа хүнийг л манлайлагч” гэж хэлнэ. Өөрөөсөө илүү өрөөл бусдын төлөө санаа тавьж , нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа чилээж чаддаг байх нь манлайлагч хүнд байх гол ур чадвар юм.

-          Хүн бүрийн дүгнэлт өөр байдаг. Би таныг олон нийтийн байгууллагад олон жил ажилласан буурь, суурьтай манлайлагч эмэгтэй гэж дүгнэдэг. Та өөрийгөө манлайлагч эмэгтэй гэдэг тодорхойлолтод хэр зэрэг нийцнэ гэж боддог вэ?

-          Би манлайлагч болчихсон гэж хэлэхгүй ээ. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд хамрагдаад явахаар их зүйлийг суралцдаг. Миний тухайд залуучуудын байгууллагад тэргүүлэгчээр нэлээд жил ажиллаж, бусад залуучуудын адил өөрийнхөө дуу хоолойг гаргаж, залуучуудын эрх ашгийн төлөөх олон ажилд оролцож явсан. Ингэж явахдаа их зүйлд суралцсан бөгөөд одоо суралцаад болчихсон уу гээд бодохоор өөрийгөө улам л чамлаж сууна. Залуучуудын байгууллагын ажил олон залуусын сэтгэл зоригийн ирэн дээр явагддаг бол эмэгтэйчүүдийн байгууллага арай өөр байна. Нэг ёсондоо айл бүрийн манлайлагчдыг манлайлж ажиллах шаардлагатай болж байна. Нэлээд ухаан, тэвчээр, мэдлэг, чадвар шаардаж байна.  Цаашид их зүйлд суралцах байх гэж бодож байгаа.

-          Сүүлийн жилүүдэд өсвөр насны охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. НАМЭХ энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулан ажиллах вэ?

-          НАМЭХ-оос үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд хийсэн томоохон судалгаа байдаг. Тус судалгаагаар эмэгтэйчүүд далд хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд гол хохирогчид нь өсвөр насны охид байна гэж гарсан. Мөн 2018 оны 10 дугаар сард аймгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд сумдаар ажиллаж явахад гэр бүлийн хүчирхийлэлд охид эмэгтэйчүүд хохирсон, эрсдэлд өртсөн байдал ажиглагдаж байсан. Ийм учраас дөнгөж цомирлогоо нээж байгаа цэцэгс маань хүчирхийллийн золиос болж байгаа нь нэн түрүүнд анхаарах асуудлуудын нэг мөнөөсөө мөн. Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх биш дээрх асуудал руу анхаарал хандуулж, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. “Охидын сэтгэл зүйн тайтай орчин” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон ТББ байгууллагуудыг оролцуулан хийнэ. Энэ ажлыг хийснээр охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалж, хамтран ажиллах эхлэл тавигдана.Цаашид энэ байгууллагыг авч явах хугацаандаа далд байгаа зүйлийг ил болгох, охид эмэгтэйчүүдийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж, хүчтэй дуугарна гэж бодож байгаа.

-          Сүүлийн үед залуучуудын дунд “би” гэсэн үзэл түгээд байна. Залуучуудыг эерэг байр суурьтай болгохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-          Тиймээ. Залуучууд маань хурдан дэвшиж, амархан аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг болсон нь нийгмийн сөрөг үзэгдлүүдийн нэг юм. Би үүнийг залуучуудын буруу гэж боддоггүй. Яагаад гэвэл залуучуудад үлгэр дууриал үзүүлж байгаа томчуудын тусгалыг л тэд харж байгаа шүү дээ. Тиймээс ээжүүдийн ухаан, аавуудын үлгэр дууриалал чухал байна. Би анх сургуулиа төгсөөд бүх зүйлийг сайхнаар төсөөлж орон нутагтаа ирсэн ч олон бэрхшээлтэй тулгарч байсан. Тухайн үед л “би сурчихлаа, одоо болчихлоо” гэж хэлж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон доо. Туулсан амьдралынхаа зураглалыг эргэн нэг харахад хамгийн доод талын давхраас бүх гишгүүрийг алгасахгүй явсан байна. Ер нь хүн бүх зүйлийг биеэрээ туулж, зэмлүүлэх хүндээ зэмлүүлж, загнуулах хүндээ загнуулж байж л туршлага, мэдлэг, чадвар суудаг. Хэрэв шууд лифтээр дээд давхарт гарчихвал давхар бүрийн жаргал зовлонг мэдрэхгүй шүү дээ. 12 давхар байшин байлаа гэж бодоход дунд талын давхаруудад ямар айлууд амьдардаг, хэн нь жаргаж, хэн нь зовж байна гэдгийг л мэддэг байх.  Иймээс залуучууд маань ажлыг голохгүйгээр багаас нь эхэлж, боломж байсан ч шатаар алгуурхан өгсөөсэй гэж хүсч байна.

-          Нийт эмэгтэйчүүддээ хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөе.

-          Шинэхэн ажил аваад анхныхаа томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байна. гуравдуаар сарын 8-ны өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Харилцан суралцъя- Хамтдаа хөгжье” чуулганд 19 сумынхаа эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахаар зорьсон бөгөөд чуулган, бусад дэд арга хэмжээнүүдэд нийт 500-аад эмэгтэй оролцож байна. Өвөрхангайн эмэгтэйчүүд хамтдаа хөгжиж, цаашид хамтран ажиллах эхлэлийг энэ арга хэмжээгээр эхлүүлж байгаа юм.

Ингээд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Өвөрхангай аймгийн мянга мянган эмэгтэйчүүддээ дэвшүүлье. Өвөрхангай аймгийн эмэгтэй хүн бүрийн өмнө НАМЭХ-ны үүд хаалга нээлттэй учир та бүхэн бидэнтэй холбогдож, хамтран ажиллахыг хүсч байна. Мөн өрх айл бүрийн ээжээс нь гэрэл цацарсан, ааваас нь ухаан ундарсан, үр хүүхдүүд нь хүмүүжил төлөвшилтэй байж нутаг орныхоо ирээдүйг гэгээлгээр цогцлоохыг хүсэн ерөөе.

-          Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа

Ярилцсан: О.Отгонцэцэг

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх