2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

С.Пүрэвсүрэн: Сэтгэлдээ түм буман бодол эргэлдүүлж түүнийгээ бүгдийг нь биелүүлэхийн төлөө л хичээж явдаг даа

“Эрхэмсэг” эмэгтэйчүүдийн булангийн ээлжит зочноор Өвөрхангай аймгийн Онцгой Байдлын Газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Пүрэвсүрэнг урьж ярилцлаа.

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна. Танд баярын мэндийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье.

-          Баярлалаа. Танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Ярилцлагаа таны төрж өссөн нутаг, хүүхэд насны гэгээн дурсамжаар эхлэе.

-          Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Тус аймгийнхаа хоёрдугаар сургуульд 8 дугаар ангиа төгсөөд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд барилгын засал чимэглэлийн ангид суралцаж мэргэжлийнхээ дагуу нутагтаа 4 жил ажилласан. Тухайн үед ажиллаж байх хугацаанд Онцгой Байдлын Газарт “дуудлага хүлээн авагч” ажилд авна гэсэн зарыг сонсоод бага наснаасаа л мөрөөдөж байсан цэргийн хүн болох хүсэлдээ хөтлөгдөн тус газар шалгалт өгч тэнцээд 2004 онд Хэнтий аймгийн Онцгой Байдлын Газарт дуудлага хүлээн авагчаар анх ажилд орж байлаа. Цэрэг хүчний байгууллагын алба хаагчид хаана томилогдоно тэр газраа л ажилладаг шүү дээ. Тиймдээ ч 2008 онд Өвөрхангай аймгийн Онцгой Байдлын Газар дуудлага хүлээн авагчаар томилогдоод гэр бүлийн хүнийхээ хамт энэ сайхан нутагт ирсэн. Өнөөдөр ОБГ-т 15 дахь жилдээ алба хашиж байна.

Та бага наснаасаа мөрөөдөж байсан мөрөөдлөө гэнэт өөрчилж барилгын мэргэжлээр суралцсан шалтгаан нь юу байсан бэ?

-          Манайх их олон хүүхэдтэй айл байсан. Би эхээс есүүл. Бидний үед олон хүүхэдтэй айлууд хүүхэд бүртээ дээд боловсрол эзэмшүүлэх боломжгүй байдаг байсан. Тиймээс ирээдүйд хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд ямартай ч ЕБС-аа заавал төгсөх ёстой гэж өөртөө зорилго тавин 8 дугаар ангиа төгсөөд МСҮТ-д суралцах болсон. Энэхүү мэргэжил миний хүсэл мөрөөдөл байгаагүй ч зорилгодоо хүрэх алхмын минь томоохон эхлэл байсан гэж боддог. Онцгой Байдлын Газарт ороод ажиллах хугацаанд ч засал чимэглэлийн чиглэлээр сурсан зүйл маань их давуу тал болж байсан даа.

Өвөрхангай аймаг руу томилогдход таны хань хэрхэн хүлээн авсан бэ?

-          Хань маань дуртай хүлээн авч байсан. Намайг болоод миний ажлыг хүндэтгээд энэ нутагт зорьж ирсэн ханьдаа маш их баярладаг. Бид анх том охинтойгоо гурвуулаа ирж байлаа. Таньж мэдэх хүнгүй тус бүрийнхээ ажлын хажуугаар нялх хүүхэд өсгөх гээд бага зэргийн бэрхшээлүүд гардаг л байсан. Хүнийг итгэл, зориг, тууштай чанар их хурцалж өгдөг. Дуртай ажлаа хийгээд их бодол өвөртөлж явсан надад ойр зуурын хүндрэл бэрхшээлийг бэрхшээл гэж харах бодол байдаггүй байж. Нөхөр маань ч их туслаж дэмжиж, санаа нийлээд эхлүүлсэн юм бүхэн л сайхан санагддаг юм.


Цэрэг, хүчний байгууллагын ажил эмэгтэй хүнд ахадсан мэт харагддаг. Таны ажлын бахархмаар зүйл нь юу вэ?

-          Миний бие одоогоор аж ахуй нэгж, байгууллага, олон нийтрүү чиглэсэн сургалт хариуцсан албан тушаал дээр ажиллаж байна. Тиймээс гамшиг осол, тэрдундаа иргэд, хувь хүнээс өөрсдөөс нь шалтгаалсан ослууд  хэдий чинээ бага байна төдий чинээ миний ажлын үр дүн гарч, хүмүүст хүрч байна гэж ойлгодог. Сургалтын үеэр болон дараа нь иргэдээс маань нэлээдгүй талархлууд ирдэг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас “баярлалаа, талархлаа” гэсэн сэтгэлийн бэлэг, дурсамжтай зүйлсүүд их ирж байсан. Энэ үед л өөрөөрөө болоод ажлаараа хамгийн их бахархдаг даа.

Анх цол хүртэж байсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-          Миний хувьд дэд ахлагчаас ахлах дэслэгч хүртэлх цэргийн цолыг алгасалгүй хүртсэндээ баяртай байдаг. Анхны цол болох “дэд ахлагч” цолоо 2005 онд авч байлаа. Мэдээж тэр үед л мөрөөдөл минь биелэж байгаа мэт санагдаж үнэхээр огшиж байсан. Өвөрхангайд ирээд авсан анхны цол бол “дэслэгч” цол байсан. Энэ үеийг ч мөн хэзээ ч мартдаггүй. Дурсамжтай, хариуцлагатай нэг л өөр цаг хугацаа байсан даа.

Таны ажлын үр дүнг үнэлэн “ахлагч” цолыг хугацаанаас нь өмнө олгож байсан гэж сонссон.

-          Цол бүрийг тодорхой хугацааны зайтай олгодог. Мэдээж онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хугацаанаасаа өмнө дараагийн цолоо авах боломжтой. Миний хувьд дэд ахлагч цолоо авснаас нэг жилийн дараа ахлагч цолыг хүртсэн. Энэ нь миний хөдөлмөрийг ажил албанаас минь үнэлж олгосон эрхэм цол л доо. Хэнтий аймагт байхад Онцгой Байдлын Газар нэг давхар байраа өргөтгөж хоёр давхар болгоход нь өөрийн гар бие оролцож заавар зөвлөгөө өгөн засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэсэн учраас хугацаанаасаа өмнө дараагийн цолоо хүртэж байсан.

Эмэгтэй хүн эрчүүдтэй мөр зэрэгцэн ард иргэд, улс орныхоо амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажиллана гэдэг бахадмаар зүйл ч ар гэрийн асуудал нэлээд орхигддог болов уу. Айл гэрийн эзэгтэй, ээж хүний үүргээ хэрхэн биелүүлж байна?

-          Тийм шүү. Миний ажил нэлээд завгүй. Амралтын өдрүүдэд гэртээ ихэнх цагийг зарцуулж бусад өдрүүдэд ар гэрийн ажлыг миний хань, том охин хоёр маань л амжуулж надад тус дэм болдог доо. Миний хань “Онги-Ус суваг” ОНӨААТҮГ-т ажилладаг. Ажлын цагийн хувьд бид хоёр адилхан л цаг зав муутай байдаг учраас бие биенийгээ ойлгоод л явдаг юм. Том охин маань гэрийнхээ ойр зуурын асуудлыг зохицуулаад аав ээждээ тусалдаг болохоор ажлаа санаа зовох зүйлгүй хийгээд орой гэртээ ирдэг дээ.

Анх охиноо хэдэн онд өлгийдөн авч байв. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

2002 онд том охиноо өлгийдөн авч байсан. Мэдээж эх хүн болчихлоо гэж бодохоор бүх зүйл гэрэлтээд явчих шиг санагдаж их л хөөрч байсан./инээв/ Одоогоор гурван хөөрхөн үрийн ээж болж, ажил амьдрал гээд бүхий л зүйлээ зохицуулаад л явж байна даа. Эмэгтэй хүн бол маш агуу. Сэтгэлдээ түм буман бодол эргэлдүүлж түүнийгээ бүгдийг нь бүтээхийн төлөө л хичээж явдаг. Миний хувьд ч ялгаагүй. Хүний сайн хань, сайн ээж, сайн ажилтан, сайн охин байхыг үнэхээр их хичээдэг.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэе.

-          Баярлалаа. Танай сонины нийт уншигчид болоод та бүгдэд аз жаргал хүсэе. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх