2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

“ӨВӨРХАНГАЙЧУУД ӨВӨРХАНГАЙЧУУДДАА” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон хүүхдүүдийн ирээдүйд гэрэл асааж, санхүүжүүлэгч орны иргэдийн хандив, тусламжаар хүүхдүүдийг өөрийн орон нутагтаа гэр бүлтэйгээ, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлэн ажилласан байдаг.

Тэгвэл тус байгууллага 2019 оноос эхлэн зөвхөн санхүүжүүлэгч орны иргэд гэлтгүй “Монголчууд Монголчууддаа” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Өвөрхангайчууд Өвөрхангайчууддаа” аяныг Өвөрхангай аймагт эхлүүлж нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр \2019.09.10\ зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, байгууллага аж ахуй нэгжийн алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож, хүүхэд ивээн тэтгэгчид боллоо. Хүүхэд ивээн тэтгэгч нар сар бүр 25 мянган төгрөгийн  хандив хуримтлуулах бөгөөд Өвөрхангай аймгийн эрсдэлд бүлэгт байгаа 400 гаруй хүүхдийг “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах боломжийг бүрдүүлж чадах юм. Тус хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэхээс гадна эцэг, эх асран хамгаалагчдын хамтаар хөгжиж гэрэлт ирээдүйн эзэд болж улс, аймаг орон нутгаа хөгжүүлэх иргэн болон хүмүүжих юм.

Түүнчлэн мөнгөн хандив үзүүлээд зогсохгүй ивээн тэтгэгчид баяр ёслолын үеэр хоорондоо захидлаар харилцаж, бодит хөрөнгөөр туслалцаа үзүүлж, бэлэг бэлэглэж болох аж. “Өвөрхангайчууд Өвөрхангайчууддаа” аян цаашид Хархорин сум болон Улаанбаатар хот дахь Өвөрхангайчуудыг уриалан зохион байгуулагдах юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх