2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМАНД 75 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын тав тухтай орчинд суралцах орчныг бий болгох зорилгоор аймгийн удирдлагууд "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг боловсролын салбарт чиглүүлэн ажилласан юм. Үүний үр дүнд алслагдсан сумдад бүтээн байгуулалт өрнөж, нийгмийн үйлчилгээнүүдийн чанар сайжирч байна. Тухайлбал, аймгийн төв Арвайхээр хотоос 200 км зайтай Богд суманд гэхэд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж, ашиглалтад орсон.


Өнгөрсөн Бямба гаригт /2019-01-19/ улсын комисс хүлээж авсан, дотоод тохижилт хийгдсэн Богд сумын шинэ цэцэрлэг албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Цэцэрлэгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Богд сум нийт 550 гаруй багачуудтай. Тэдгээрээс 180 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол одоо дахин 100 гаруй хүүхэд тав тухтай, тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдлээ. Мөн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сумын 10 гаруй иргэд байнгын ажлын байраар хангагдаж байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх