2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “1000 АХМАДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЛОО

Ахмад настуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний амьдралын туршлага, мэдлэг ур чадварыг залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилгоор “Олон улсын ахмад”-ын баярыг тохиолдуулан Өвөрхангай аймгийн 19 сумын “1000 ахмадын чуулга” уулзалтыг Тарагт сумын нутаг дэвсгэр “Өгөөмөр” рашаан сувиллын газарт зохион байгууллаа. Аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, нийгмийн шинэ харилцааг хөгжүүлэн төлөвшүүлэх, уламжлалт зан үйлийг сэргээн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан аймгийн 11 мянга гаруй ахмадыг төлөөлөн 1000 гаруй ахмад настан хуран чуулсан байв.  

Чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.ИшдоржХХҮГ-ын дарга С.Ундрах болон бусад албаны хүмүүс оролцож үг хэллээ.

Өнөөгийн байдлаар Өвөрхангай аймагт 20 гаруй ахмадын хороо, байгууллага аж ахуй нэгжид 180 анхан шатны ахмадын зөвлөл ажиллаж байна.  Түүнчлэн Өвөрхангай аймгийн нийт хүн амын 10 орчим хувийг ахмад настнууд эзэлж, 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол насны ангиллаар нь үзвэл 70 хүртэлх настай 7694 ахмад, 80 хүртэлх настай 2174 ахмад, 90 хүртэлх настай 761 ахмад, 100 хүртэлх настай 110 ахмад, 100 –аас дээш насны 7 ахмад амьдарч байна.

Аймгийн ахмадын хороо нь “Улсын тэргүүний ахмадын хороо”-оор шалгарч ахмад настныхаа эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж ажиллахын тулд ахмадуудынхаа төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сум бүр ахмадын өргөөтэй болж байнгын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Чуулганы үйл ажиллагаанд урлаг соёлынхон оролцож ая дууны цэнхэр хадгаа өргөн ахмад буурлуудаа цэнгүүллээ. Мөн чуулга уулзалтын үеэр ахмад настнууд харилцан бие биенээсээ суралцаж нутаг орныхоо онцлогийг харуулсан өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж дэлгэсэн байв. Мөн урлаг спортын уралдаан тэмцээн зохион байгуулж өөр хоорондоо өрсөлдөн шилдгүүдээ шалгарууллаа.

Тус чуулган хоёр өдөр үргэлжилж нийт Өвөрхангайчууддаа уриалга дэвшүүлснээр үйл ажиллагаа өндөрлөв.


  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх