2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХУВИЙН ХЭВШЛИЙН ГУРВАН ЭМНЭЛЭГ ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛНЭ

Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх насныханд суулгах зорилт тавин ажиллах юм.

Иймд дээрх үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулсан бөгөөд манай аймгийн “БАТСУРВАЛЖ”, “ГАНТИГ”, “ХАППИДЕНТ” хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болсон байна.

Эрүүл мэндийн сайдын баталсан “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. 


Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд үргэлжлэх тус төсөлд улсын төсвийн нийт 50 тэрбум төгрөг төсөвлөж, 2019 он буюу эхний жилд 4,6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувь бууруулах тооцоо гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эмчилгээний дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх