2019 оны 12 сарын 14
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Эл өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлдэг.

 Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж юу вэ?

Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эдлэх эрхүүдийг тунхагласан олон улсын эрхзүйн баримт бичиг бөгөөд тус конвенцод 18 нас хүрээгүй хүн бүрийг "хүүхэд” гэж тодорхойлдог.
Конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 196 орон нэгдэн ороод байна. Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсон дэлхийн 19 дахь орон болсон.
Тус конвенцын тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээ хүртэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, бие хүн болж төлөвших, авьяас, чадвараа бүрэн дүүрэн нээн хөгжүүлэх боломжоор хангагдаж, аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөн торниж, өөрсдийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, эрхээ эдлэх үйл явцдаа идэвхтэй оролцох боломжоор хангагдах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх үүргийг конвенцын гишүүн орнууд хүлээсэн байдаг

Конвенц нь:
· Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн аж байдлыг хянах чиглэлээр хийсэн анхны албан ёсны үүрэг амлалт байсан;
· Хүүхдийн эрх бол хүний эрх гэдгийг тодорхойлж өгсөн. Хүүхдийн эрх нь хүүхдэд олгож буй тусгай эрх биш харин хүн бүрд тэр дундаа хүүхдэд төрөлхөөс заяагдмал үндсэн эрх юм. Хүүхдийн эрхийг хангах нь сонголтоор хийх зүйл биш, эсвэл сайхан сэтгэл, сайн санааны үүднээс хийх зүйл биш. Харин энэ нь бүх нийтээр хүндэтгэн дагах ёстой үүрэг хариуцлага мөн гэдгийг Конвенц тодорхойлсон;
· Хүүхдийн төлөө эсвэл хүүхэдтэй ажилладаг байгууллагууд тэр дундаа төрийн бус байгууллагууд, НҮБ-ын системийн байгууллагуудад ажилдаа баримтлах гарын авлага нь болсон;
· Хүүхэд бүрэн дүүрэн хөгжихөд бүхий л эрхийг нь хангах хэрэгтэй бөгөөд хүүхэд нэг бүрд чиглэж ажиллах нь чухал гэдгийг бататгаж өгсөн;
· Хүний эрхийг хангахад төр хариуцлага хүлээх ёстой бөгөөд ил тод байдал, бүх нийтийн хяналт мөн чухал үүрэгтэйг бататгаж өгсөн;
· Хүүхдийн эрхийг хангах олон улсын хамтын тогтолцоонд дэмжлэг болсон. Конвенцын тайлангуудыг үндэслэн хандивлагч орнууд тусламж шаардлагатай байгаа газруудад тусламжийг чиглүүлж, хүлээн авч буй орнууд мөн тухайн тусламжийг шаардлагатай салбарт нь зарцуулах үүрэг хүлээдэг болсон
· Хүүхдийн амьдралд гэр бүл чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн.

#ДЭЛХИЙН_ХҮҮХДИЙН_ӨДРИЙН_МЭНД_ХҮРГЭЕ

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх