2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

Оготно устгалын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг цахим хурлаар сануулав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 22-ны өдөр аймаг, нийслэлийн удирдлагуудтай ээлжит цахим хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд үлийн цагаан оготно устгалын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгааг дуулгаж, ХХААХҮЯ-наас оготно устгалын бактержуулсан будааны хуваарийг ойрын үед хийж өгөхгүй бол устгал хийх тохиромжтой хугацааг алдах эрсдэл байгааг хэллээ. Мөн 2018 онд 10 гаруй суманд малын шүлхий өвчин гарч, 900 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Үүнээс 400 сая орчим төгрөг нь шийдвэрлэгдсэн, үлдсэн 500 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад уламжиллаа.

Түүнчлэн 2019 оны батлагдсан төсөвт төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ дутаж байгаа асуудлыг хөндөөд Сангийн яаманд чиглэл өгч, асуудлыг шийдвэрлэж өгөхийг ЗГХЭГ-ын даргаас хүсэв.

Энэ удаагийн хуралд Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын  дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймаг, нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.

эх сурвалж: Өвөрхангай /МОНЦАМЭ/. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх