2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

НОГООН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧ КЛУБҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Монгол улс экологийн доройтол, цөлжилт, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх орны нэг болсон. Тиймээс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх шинэлэг, бодит, үр дүн хэмжигдэхүйц, системтэй арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Экологийн тэнцвэрийг бий болгох, цаашид урт удаан хугацаанд хадгалах хамгийн үр дүнтэй арга нь байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүүхэд, залуу үеэс нь ухамсарлуулж, байгаль хамгаалах үйлсэд залуусаа биечлэн оролцуулах гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс Монгол улс даяар “Ногоон паспорт” аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын дунд ногоон паспортыг эзэмшүүлснээр сургууль дээрээ эко клуб байгуулан хамт олон найз нөхдөө уриалан сайн туршлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн “Ногоон паспорт- Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг хүүхдүүд өөрсдийн гараар бүтээж мод тарих ажлыг өнгөрөгч  хавар өрнүүлсэн бол өнөөдөр клубийн сурагчид анхдугаар чуулганаа зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нийт  21 мянга гаруй сурагчдын төлөөлөл, сургууль бүр дээрээ эко клуб ажиллуулдаг манлайлагч сурагчид чуулж харилцан биенээсээ суралцаж, шилдэг санаачлаг, сайн туршлагуудаа хуваалцлаа.

 “Ногоон паспорт” аян нь эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагыг бидний ирээдүй болсон хүүхэд залууст төлөвшүүлэхэд чиглэгдэж 2020 оны зургаа дугаар сард үе тэнгийнхэндээ ногоон байгаль, экологийн боловсролыг хэрхэн олгож нөлөөлсөн талаар ажлаа дүгнэж, цэгнэх юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх