2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

МУУХАЙ МОНГОЛ ХҮН

Би зохиолч , сэтгүүл ч юмуу нэг их юм хум бичээд байдаг ч хүн биш л дээ. Гэхдээ олон жил бодсоны эцэст бичихгүй байхаас өөр аргагүй байдалд хүрсэн учраас яалт ч үгүй үзэг цаас нийлүүлж сууна. Муухай монгол хүн гэхээр та хэн нэгний тухай бичиж байна гэж бодож магадгүй. Яг хэн нэгнийг онилж бичээгүй ч гэсэн нийт монголчуудад хамаатай юм л даа. Дэлхийн олон орны зохиолчид өөрийн үндэстний увайгүй муухай чанарыг уудлан илчилсэн олон  зохиол, бүтээл туурвисан байдаг юм байна. Үүнээс 1958  онд бичигдсэн “Муухай Америк хүн” роман, түүнээс санаа аван Японы нэгэн дипломатын бичсэн  “ Муухай япон хүн” зохиол дэлхий нийтэд нэлээд алдаршсан билээ. Тэр ч байтугай 1962 онд “ Муухай Америк хүн ” зохиолоор Холливууд кино бүтээсэн бол 2012 онд мөн ижил нэртэй хүүхэлдэйн кино хийсэн байдаг. Америкчууд “Муухай Америк хүн” романы зохиогчийг дайсан мэт үзэж сүйд хийх шахсанаа, төдөлгүй учир байдлыг ойлгон сайшаагдсан байх жишээний. Япончууд “Муухай Япон хүн” романы зохиогчийг бүр гадаадын дипломат албанаас буулгасныг бодоход ард түмнийхээ муу муухайг уудлан илчилсэн зохиолчдыг тухайн ард түмэн тийм ч сайнаар хүлээн  авдаггүй  бололтой. Манай монголчуудын хэлдгээр үнэн үгэнд хүн өшөөтөй, үхэр унасан хүнд нохой өшөөтөй гэж. Манай урд хөршийнхний сул талыг гайхамшигтайгаар бичсэн зохиол бол Хятадын Хэнань нутагт 1920 онд төрж, 1949 онд Тайванд гарсан зохиолч Бо Яны бичсэн “Муухай Хятад хүн” роман бөлгөө. Уг  зохиолд хятад үндэстний сул тал болох бохир заваан байдал, орчноо мэдрэхгүй  чанга ярьдаг, атаархуу зан, багаар ажиллах чадвар сул гээд л олон зүйлийг бичсэн байдаг. Үүнээс ч өмнө өөрийн үндэстний дорой буурай хэв шинжийг зоригтой шүүмжилсэн хүмүүс бол хятадын нэртэй түүхч, зохиолч Лү Сюнь, Зян Руны нэрс  зүй ёсоор орох ёстой юм. Энэ гурван үеийн төлөөллийн ном бүтээлд өөрийн улс үндэстнийхээ  ирээдүйн төлөө санаа зовнисон өнгө аяс, хамтаар урагшлах хөгжилд чөдөр тушаа бологч муу муухай шинж чанаруудыг хурцаар зоригтой шүүмжлэн өгүүлсэн болох нь шууд ойлгогддог. Бодит байдлыг үнэнээр өгүүлэх зориг зүрхтэй байх нь төгс боловсронгуйн илрэл болой. Аливаа нэгэн үндэстэн хийгээд хувь хүн, гэм дутагдлаа нууж хаалгүй зоригтой хэлэх, эрүүл ухаан мөс чанар байваас итгэл найдвар байна гэсэн үг.

 Дэлхийн тэргүүлэгч улс орнуудын шилдэг зохиолчид өөрсдийн ард түмний  алдаатай сул талыг байгаагаар нь бичиж байнаа гэдэг хэн нэгнийхээ мууг үзэх гэж байгаа хэрэг биш, харин ч муу гэм хорын үндсийг олж, уламжлалт соёлд шингэж үлдээд хүн ардыг хордуулаад буй хортой эд эсийг илрүүлж, муу муухайгаасаа ангжирч, орчин үе рүү дэвшихэд нь үндэс угсаатнаа уриалан дуудахыг зорьсон хэрэг.

 За дэлхий нийт нэг иймэрхүү  байхад манай монголчууд энэ талаар юу хийж, юу бичиж , ямархуу бодол санаатай явдаг юм болоо гэж бодохын зуур социализмын үед “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч монголын нэртэй зохиолч, сэтгүүлч агсан С. Батмөнхийн 1990 онд  бичсэн “Муухай Монгол хүн” ном яахын аргагүй сэтгэлд бууж байна. Энэхүү  номын ерөнхий утга санааг харж суухад нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжих шилжилтийн үед бичсэн болоод ч тэр үү урд нийгмийн болохгүй бүтэхгүй талыг нэлээд гярхай ажигласнаа бичсэн байна. Дарга нарын тусгай хангамж, архидалт, бялдуучлал, нийгмийн хоцрогдол гээд л явж өгнө л дөө. За болоод өнгөрсөн үе ч яахав нэгэнт цаг хугацааг бид эргүүлэх биш, одоо харин бид яаж амьдраад ямар гээч нийгмийг байгуулаад байна даа. Бодьё л доо. Бодоод байхад нэг их сайн сайхан юм толгойд буухгүй л байгаа юм .

 Монголчуудын давуу талыг ярьсан ч, яриагүй ч байж л байхаас хойш олон долоон юм ярихын хэрэг юусан билээ. Харин бодитой оршоод байгаа алдаа дутагдлаа  яаж засахуу  гэдгийг дээр, дооргүй бодох цаг нэгэнт болжээ. Монгол хүн дутагдлаа хүлээж чаддаггүйн гол учир гэвэл, тэд дутагдлаа хүлээх чадвараа алдчихсанд байгаа юм. Дутагдал бодитой оршоод байхад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсны зоргоор дутагдал өөрөө алга болчихгүй шүү дээ.  Хэн нэгнийхээ  алдаа дутагдлыг  хэлэх төдийд л дотор нь арзас хийн, хорт үгийн сумыг  хөвчирсөн нумандаа байршуулчихаад л хэзээ хэзээгүй цээжийг нь нэвт харвах нь ойлгомжтой. Тэгэхээр эрхэм дээд сэтгэлийн ахуй оронд хүрээгүй хүн бусдын сайн сайхан сэтгэлийг ойлгохгүй. Харин алдаа дутагдлаа сайтар ярьж авбал хожим хойтод ухаарч сэхээрхэд тустай байж мэднэ. Бо Яны зохиолыг уншихад манай монголчууд  хятад үндэстнээс ер нь юугаараа ялгаатай юм бэ гэж бодсоныг нуух юун. Бидэнд бас  дутагдал нэлээд байна. Өвс ногооны чанар ургасан хөрснөөсөө хамаарч, сайн муу байхтай адил, аливаа хүний төлөвшил өсөж торнисон гэр бүл, цаашлаад амьдарч буй нийгмээсээ ихээхэн шалтгаалдаг бололтой. Монголчууд ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд 29 жил өнгөрхөд материллаг талын сонирхол нь хэтэрхий давамгайлаад, оюунлаг, гэгээлэг талын мэдрэмжийг орхигдуулсан бололтой.

Монголчууд ер нь энэ муухай зан чанаруудыг хаанаас, хэдийд олоод авчихваа. Та юу гэж бодож байна. Би ч гэсэн бурууг хаа нэгтэйгээс эрээд л байна. Мөхөс миний  бодоход Манжийн  үеэс л эхлэлтэй юм шигээ. Манжууд бидний удам угсааг тасалж, зан заншлыг эвдэж, дааж давшгүй их алба гувчуураар дарамталж, үгээгүй ядуу, үхээнц болгосон юм шиг санагддаг. За бидний энэ муу чанарууд сөнөж үгүй болох шахуу болсон Манжуудаас л болсон юм байна гэж бодоё. Гэхдээ бидэнд бодох юм их байна. Хүн болгон амьдарч буй нийгмээ харааж зүхээд байхын оронд хувь хүн өөрөө өөрөөсөө эхэлж амьдрал ахуйгаа өөд татаж, алдаа дутагдлаа засч, болж яваа нэгэндээ атаархахын оронд тэдгээрээс суралцаж, шударга  сайхан хөдөлмөрлөж амьдарвал бидэнд буурлаас заяасан буян, заяа их байна. Буддын шашны онолоор  сэтгэл сайтай, сайн сайхан амьдарвал хойч үеийн үр хүүхдүүд маань ч гэсэн сайхан амьдрах ёстой.

Нэгэн хөвүүн хутгийг олсон эрдэмт хуврагаас “Бурхны сургаальд орчлонгийн олон амьтан нэг төрлөөс нөгөө төрөлд шилжин оршдог хэмээн үздэг гэсэн. Тэгвэл  би урьд төрөлдөө ямар хүн байсан, хойд төрөлдөө ямар хүн болж төрөхийг айлдан соёрхож болохсон болов уу” хэмээн асуужээ. Харин эрдэмт лам “урд төрөлдөө ямар үйл хийнэ түүнийгээ энэ төрөлдөө эдэлж байна хэмээн бод. Хойд насандаа  ямар төрөл авахыг мэдье хэмээвээс  энэ  төрөлдөө юу хийгээд байгаагаа  сайтар ажигла” хэмээн айлдсан байдаг.

 Иймээс  бидний цөөхөн монголчууд энэ яваа насандаа сайн үйл бүтээж, сайхан сэтгэлтэй, буян хурааж  амьдарвал  улс нийгмээ хөгжүүлээд зогсохгүй  үеийн үед үрийн үрс маань ч гэсэн сайхан нийгэмд жаргалтай сайхан амьдрах нь гарцаагүй бөлгөө. Иймд бүгдээрээ буян хурааж сайхан амьдрахын төлөө тэмүүлцгээе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Үргэлжлэл бий.

Арвайхээр  2019 оны 2 сар идэвхтэн бичигч БТМ

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх