2019 оны 12 сарын 15
ӨВ УЛС ТӨР

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Парламентын ил тод байдлыг хангаж, иргэдийн саналыг сонсон шийдвэр гаргадаг цахим шинэчлэлтийг хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын даргын үүрэгт ажилд томилогдсоноос хойш орон нутагт ажиллаж байгаа анхны томилолт бөгөөд 17:00 цагаас Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаас гадна Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засагт оруулсан ололт амжилтыг дурдаж, мөн санаа зовниж буй асуудлаа илэрхийлэн цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэсэн. Мэдээллийн эхэнд “Шударга ёс алдагдаж, нийгмийн өмчийг хэсэг бүлэг хүмүүс өмчилж байгаад иргэд бухимдаж, тэсвэр нь алдагдаж байна” гэдгийг онцлон хэлж, парламентын 5 шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн улс төрд шударга бусыг халж цэгцрэх хөдөлгөөн эхэлсэн бөгөөд шударга ёсны төлөөх хөдөлгөөнийг тууштай үргэлжлүүлж, Монголын улс төрийг эрүүлжүүлэхэд анхаарч, иргэндээ хүнлэг, энэрэнгүй байх уламжлал дээр тулгуурласан эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, УИХ-ын “дэгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулахаас дээрх шинэчлэлийг эхэлнэ гэдгийг дурдсан юм. Уншигчдадаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын танилцуулсан мэдээллээс тоймлон хүргэж байна.


-          Монголын нийгэмд тулгамдаж байгаа Татварын багц хууль, Тендерийн хууль,  ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийг хаврын ээлжит бус чуулган зарлан хэлэлцүүлэхээр болоод байгаагаас гадна улс төрийн намын хууль, сонгуулийн хууль, бэлчээрийн хуулийг малчид, иргэдийнхээ санал дээр үндэслэн хэлэлцэн батална.

-          Парламентын ил тод байдлыг хангаж, иргэдийн саналыг нь сонсон шийдвэр гаргадаг цахим шинэчлэлтийг хийнэ. Ингэснээр УИХ-ын талаарх мэдээллийг хөдөө орон нутгаас болон бусад газраас parliament.mn, forum.mn  зэрэг сайтуудыг ашиглан авах боломжтой.

-          Эрх мэдэлтнүүдийн ёс бус байдал, хувийн ашиг сонирхол, албан тушаалаа ашигладаг байдалтай хатуу тэмцэх нь УИХ-ын үндсэн үүрэг. Иймээс шударга бус байдлыг халах зорилгоор хянан шалгах түр хороог байгуулан ажиллана.

-          Ёс зүй өндөртэй орнуудын хуулийг судалж, Хариуцлагын тухай хуулийг боловсруулан ажиллаж байна. Авилга хардаг, өмссөн зүүснээр нь ялгадаг байдлыг үгүй болгох зорилгоор 2019 оныг “иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан бөгөөд УИХ цаашдаа тооноос чанарт шилжихэд анхааран олон хууль батлахдаа биш цөөн ч гэсэн чанартай, бодит үр дүнгээ өгөх хуулиудыг баталдаг болно.

-          Монгол Улсын Үндсэн Хуулийн өөрчлөлтийг хийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган иргэдээс 5,0 сая гаруй санал ирсэн дээр үндэслэн шударга ёс, хариуцлага, сахилгад тулгуурлаж үндсэн хуульд өөрчлөлт оруулна.


Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийн асуудлыг шийдвэрлэхээ УИХ-ын дарга амлав

 

Ийнхүү уулзалтын төгсгөлд уулзалтад оролцсон иргэд санал хүсэлтээ амаар болон бичгээр илэрхийлж, хариултаа авав. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төгрөгийн ханш унаж байгаа болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд анхаарал хандуулах, монгол ёс заншил, урлаг, соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, чанаргүй олон их, дээд сургуулиудыг цомхотгох гэхчлэн олон асуулт тавьж, Монгол Улсын Засгийн газрыг сайн ажиллаж байгаад нь талархал дэвшүүлэн зорилгоосоо ухралгүй сайн ажиллахыг захиж байлаа.

Иргэдийн асуултад  УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар хариулт өгсөн юм.

Уулзалтын үеэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд УИХ-ын даргад хоёр асуудал уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Арвайхээр хотод баригдах Дулааны станцын ажлыг энэ онд эхлүүлж, Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийн асуудлыг шийдвэрлэхээ УИХ-ын дарга амлав.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх