2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хошууч генерал, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улс, ОХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр \2019.09.09\ Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дүрэм, зорилго, чуулга уулзалтын зорилго зорилтыг танилцуулсан юм. Үүний дараа аймгийн ХДТ-т Өвөрхангай аймаг дахь төрийн цэргийн байгууллага, алба хаагчид, ахмадууд, дэмжигч байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дүрмийн дагуу салбар зөвлөлийг байгууллаа.

Аймгийн Засаг дарга Г.Ганболдыг анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны Өвөрхангай аймаг дахь салбарын тэргүүнээр сонгож Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүхын батламжийг Монгол Улс,ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа холбооны тугийн хамт гардуулж өгсөн юм.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Өнөөдрөөс Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын салбарын тэргүүнээр ажиллахаар болж байна. Энэ нь ямар нэгэн эрх мэдэл, албан тушаал биш асар их үүрэг хариуцлага ноогдож байгаа юм. Тус холбоо нь улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж, иргэн бүрт тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноо хайрлах сэтгэл, хүний мөс чанар, ёс зүйтэй, боловсролтой иргэн байхын утга учрыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэн улсын хэмжээнд манлайлагч нь байж ажиллах болно” гэв.

Ажлын хэсэгт лектор, урлаг, соёлын ажилтнууд багтсан бөгөөд орон нутгийн ард иргэдЕБС-ын сурагчдад эх оронч үзэл, үндэсний бахархал, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлс, орон нутгийн хөгжлийн асуудлаар лекц, уулзалт ярилцлага зохион байгуулна.   

Тус холбооны зорилго нь залуусд эх оронч үзлийг төлөвшүүлэх, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах дэмжлэг үзүүлэх юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх