2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

"Хүүхэд хөгжлийн танхим"-тай болов

Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах шаардлагатай, сургууль завсардсан, танхимын сургалтанд хамрагдах боломжтой хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор Арвайхээр сумын ЗДТГ-т “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулаад байна.

Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд тус танхимыг байгуулж, 5.8 сая төгрөгийн санхүүжилтээр засвар үйлчилгээ хийн сургалтын хэрэглэгдэхүүн, сандал ширээ, техник хэрэгсэл, тоглоомуудыг нийлүүлээд байна. Арвайхээр суманд албан бус боловсролоор жилд 130 гаруй хүн суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшдэг бөгөөд тэд ч ая тухтай орчинд суралцах боломж бүрдэж байгаа юм.

“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл Өвөрхангай аймагт 3 жил хэрэгжих ба суралцагчын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсийг үл хамааран хүүхэд бүрт тэгш боловсрол эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх