2019 оны 08 сарын 18
ӨВ НИЙГЭМ

"ХИШИГ БУЯН АРВИЖУУЛАХ ЗАН ҮЙЛ" НИЙТЛЭЛ

Хүмүүс бид эд, идээ элбэг хангалуун амны хишиг дүүрэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгэвч тэрхүү идээ ундаа, эд баялаг маань тэнгэрээс бууж дэргэдээс ургахгүй учир бид өөрсдийн амны хишгийг арвижуулах арга ухаанд хичээлтэй. Үүнд эхлээд хишиг, буян тогтоох уламжлалт зан заншлуудад суралцаж амьдралдаа хэрэглэх нь чухал. Монголчууд бид буянт малынхаа шимээр идэж ууж, өмсөж зүүж амь амьдралаа залгуулж ирсэн болохоор малынхаа хишиг буяныг эрхэмлэн дээдэлж, амны хишиг барах аливаа үйлүүдийг цээрлэдэг. Жишээ болгоход малаа гадагш хүнд өгөхдөө дотоод хормойгоороо амыг нь арчиж, сүүлнээс нь үс авах, малынхаа ясыг сайн мөлжиж байх, зоог хоолныхоо дараа гарын тос, хутганы тос, тогоо савныхаа тосыг даавуунд арчих, өглөөний цайгаа аяга дүүргэж уух, цоорхой уут, сав, таваг хэрэглэхгүй байх, уутны амыг өөрөөр нь боодоггүй зэрэг уламжлалт үйлүүдийг мөрдөж занших хэрэгтэй. Мөн өвөл зунгүй мах идэж, өдөр шөнөгүй найр наадам хэсэж, өөдтэй өнгөтэй бүгдээр туйлж байх нь буян хишиг барагдахын шинж гэж өвгөд буурлууд ярилцдаг байсан даа. Энэ завсарт өвгөд буурлуудын ярьдаг уг сэдэвт тохирох сургамжит нэгэн хууч яриаг толилуулъя. Урьд нэгэн олон малтай баян айл байжээ. Баяндаа бардан малынхаа аль тарганаас шилж өвөл зунгүй мал алж, махных нь тураг сайхныг идэж, ясыг мөлжилгүй хаядаг байж гэнэ. Гэтэл нэг өвлийн зуднаар бараг мал нь үхэж, барагдан, өнөөх баяных хоосорчээ. Гэнэт хоосорсны учрыг гэрийн эзэн ламаас асууж гэнэ. Лам шоо төлөг буулгаж үзээд: "Танайх чинь малынхаа ясыг мөлждөггүй, мөлжүүртэй нь хаядаг айл байна.  Ийм учир малын чинь заяа гомдож, малын хишиг буян хаяжээ"хэмээхэд гэрийн эзэн энэ үгийг сонсоод ихэд цочирдон: "Одоо яавал дээр вэ?" Малтай болох арга чарга юу байна? хэмээн гуйжээ. Лам бодож суугаад ийн хэлжээ: "Хаясан ясныхаа мөлжүүрийг мөлжиж ид. Тэгвэл малтай болох юм байна" хэмээжээ. Түүний хэлсэн ёсоор он онд хаясан олон жилийн хөсрий ясыг хөдөө хээрээс түүж чанаад, хатсан мөлжүүрийг нь болгож идэж дээ. Тэр цагаас хойш үлдсэн цөөн мал нь хурдан өсөж гэнэ. Баяных ч түүнээс хойш малынхаа ясыг сайн мөлждөг болсноор урьдынх шигээ хот дүүрэн хонь ямаатай, азаргаар адуутай, ачилга хөсгийн тэмээтэй, саалийн олон үхэртэй баян тарган амьдрах болж гэнэ. Дараагийн амны хишиг арвижуулах арга ухаан бол хишиг дуудах даллагын зан үйлийг үйлдэж, даллагын зан үйлийн судар номыг уншуулж байх хэрэгтэй. Даллагын зан үйл нь буян хишгийг дуудаж ирүүлэх, шимийг арвижуулах, идээ, эд төгс эдлэлийг дуудах, хотол чуулганыг ирүүлэх гэсэн утгатай зан үйлүүд юм. Хишиг даллагын зан үйл нь ихэнхдээ сан ариулгын зан үйлтэй хамтдаа зохиогдож "Сан тавих", "Даллага авахуулах" хоёр нь холбоотой уншигдаж иржээ. Сан ариулгын зан үйлийн дотор хишиг даллагыг оруулан уншдаг байна. Тиймээс ч ард түмний дунд "Сан тавиулж, даллага авахуулах" гэжяригдаж ирсэн зан үйлүүд юм. Арц, хүж уугиулж сан, ариулга үйлдэх зан үйл нь бурхан багшийн сэрүүн тунгалаг үеэс эхлэлтэй ажээ. Энэ тухай "Магда санмугийн түүх" хэмээх зохиолд Итгэлгүй идээн өглөгт гэдэг хааны охин Магда санму алс хол газар айлын бэр болон очоод, тэр нутгийн ёс бусын зан үйлийг харж сэтгэл гутарчээ. Тэгээд Магда санму тахилын эд зүйлсийг бэлтгээд сайхан үнэрт утлага, хүж, цэцэгсийг авч байшингийнхаа дээвэр дээр гарч утлага хүжний анхилуун үнэрээр тахил өргөн бурхан багшийн оршин байгаа зүг рүү харж нүдэндээ нулимстайгаар алгаа хавсран залбирч бурхан багшийг морилон ирэхийг гуйж соёрхтол талбиж цэцэгс өргөжээ. Утлага хүжний анхилуун сайхан үнэрүүд огторгуйд түгэн тархаж бурхан багшийн байгаа газарт хүрч, таалалын баясуулсан тухай бичсэн байдаг. Даллага унших үеийн бодол, бясалгал ямар байх вэ? гэвэл өөрийн өмнө бясалгасан багш нар, бурхад, эдийн тэнгэрүүдийн лагшингаас төмөр гох хэлбэртэй гэрлийн цацраг дээд, доод, зүг завсар бүхэнд цацраад эд баялаг, эрдэм ном, эрх хүчин, насны хишигбуян бүгдийг найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ, очир, хас тэмдэг, солонгон гэрлийн байдлаар дээрээс намираа хурбороо орох адил өөрийн бие, эд эдлэл, даллагын уут, орон нутаг, зон олон бүгдэд нэвчин шингэсэнээр буян хишиг, хүч чадал, сүр жавхлан, баяр баясгалан төгөлдөр боллоо гэж бодно.Хишиг дуудаж даллага авахдаа даллагын сав, уутаа хадагтай хамт барьж нар зөв эргүүлэн "Буян хишиг хурах болтугай" хэмээн бодож даллана. Даллагын уутанд будаа, арвай, эрдэнэ, эд, идээ зэрэг арвижиж үржихийн бэлэгдэлтэй зүйлүүдийг хийнэ. Хишиг дуудаж даллага авсаны дараа хадгийг уутандаа хийж, даллагын уутаа хойморын авдар савандаа хүндэтгэлтэй байрлуулна.

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх