2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ХАРХОРИН СУМААС "АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН" ТОДОРЛОО

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 1978 оноос эхлэн Монголын радио "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" хэмээх нэр хүндтэй шагналыг олгож эхэлсэн билээ.  

41 дэх жилдээ олгож буй энэхүү нэр хүндтэй шагналаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчин Цэнд-Очирын Баасан шалгарч, шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нар гардууллаа. 

Таван хошуу мал маллаж, жилдээ 300-400 төл хүлээн авдаг малчин Ц.Баасан 2017 онд аймгийн аварга малчнаар шалгарч байсан бол энэ онд 41 дэх удаагийн "Алтан ишигний эзэн" боллоо. Түүний эхнэр П.Пүрэвжав 1989 оноос хойш мал маллаж байгаа төдийгүй 16 настайдаа сумын аварга төлчнөөр шалгарч байсан хашир туршлагатай малчдын нэг юм.

1982 оноос хойш 37 жил мал маллаж байгаа хашир малчин маань "Малын тоонд биш #чанарт_анхаарч, сайн төл хүлээн авахын тулд цаг наргүй зүтгэдэг дээ" хэмээн хуучилж байлаа. Ц.Баасан малчингийнх 5 хүүхэдтэй. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө хичээж зүтгэдэг тухайгаа ярив. Түүний бага хүү нь аавынхаа мал маллах арга ухааныг өвлөж малчин болсон байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх