2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

"Ирээдүйн аваргууд" өсвөрийн бөхийн барилдаан боллоо

Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газар, Соёмбо телевиз хамтран өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, монгол бөхийн өв соёлыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах,  үндэсний соёлоо хадгалан үлдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 5- 18 насны хүүхдүүдийн дунд нас насны ангилалд “Ирээдүйн аваргууд” өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулдаг.

 Тус барилдааныг 2017 оноос эхлэн 14 хоног тутамд нэг удаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнгөрөгч амралтын өдөр 8, 9 настай хүүхдүүдийн дунд ээлжит барилдаанаа зохион байгууллаа. Барилдаанд  Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Уянга, Арвайхээр сумдаас оролцсон нийт 26 бөх бяр хүчээ сорин өрсөлдлөө.

Ийнхүү 9 настнуудын барилдаанд Нарийнтээл сумын О.Буд-Эрдэнэ, түрүүлж Зүүнбаян-Улаан сумын Ч.Жаргалбат үзүүрлэв. Харин 8 настнуудын барилдааны түрүүг  Зүүнбаян-Улаан сумын Б.Энхийнбилэг авсан бол Уянга сумын М.Батболд үзүүрлэсэн юм. 

Нас тус бүртээ шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг Орхон талхны үйлдвэр  ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Нийт тамирчид багш дасгалжуулагч нарт баяр хүргэж амжилт хүсэе. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх