2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

Г.НАМХАЙДАВГЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Орон нутгийн соёлын өвийг хамгаалах, музейг бэхжүүлэх, түүний сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Намхайдагвын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд Г.Намхайдавгын дурсгалд зориулж хүү Н.Оргилын бүтээл хүрэл хөшөөг босгосон бол хүү Н.Боргилын  туурвисан “Мөнх орчлонгийн илгээлт” номын нээлтийг хийсэн юм.

Түүнчлэн орон нутагт соёл судлал, соёлын өв, номзүй судлалыг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл урлагийн газар, Г.Намхайдавга агсны үр хүүхдүүд "Намхайдагва-100" эрдэм шинжилгээний бага хурлыг СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан юм. Эрдэм шинжилгээний бага хуралд түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, доктор н.Дашхорол, судлаач МУСГЗ Н.Даваадаш, МУСЗГ сэтгүүлч С.Мөнхдалай, Соёлын яаманд соёлын музей, өв хариуцан ажиллаж байсан Монголын Үндэсний музейн ахмад ажилтан Д.Цэдмаа, Өвөрхангай аймгийн музей, Эрдэнэ-Зуу музей, ДӨ-ОХСДГ-ын захиргаа, Аймгийн Төв номын сангийн соёлын өвийн ажилтнууд, номын санч мэдээллийн ажилтнууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд түүхийн ухааны доктор Д.Хоролдамба архивын баримтад үндэслэн Г.Намхайдагва агсны угийн хэлхээ, түүний Архивын газрын даргаар ажиллаж байх үеийн болон 28 жилийн турш музейн даргаар ажиллаж байхдаа хийж бүтээж байсан үйл хэргийг судалсан намтар судлалын сонирхол татахуйц үндсэн илтгэлийг тавьсан юм. Уг эрдэм шинжилгээний хурал нь хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд эхний хэсэгт эрдэмтэн судлаачдын судалгаа илтгэлүүд, хоёр дахь хэсэгт орон нутгийн соёлын ажилтнуудын илтгэлийг сонсож, соёлын өв, номын сан судлал чиглэлээр соёлын ажилтнуудын ур чадварыг үнэлж шилдэг илтгэл шалгаруулав.

Соёлын өв судлалаар 1-р байранд ДӨ-ОХСДГ-ын соёлын ажилтан А.Ханджав, 2-р байранд Аймгийн музейн ЭША Б.Бат-Эрдэнэ, 3-р байранд аймгийн музейн ажилтан Д.Тогтохбаяр, ном зүй судлалаар 1-р байранд номын санч мэдээллийн ажилтан О.Долгормаа, 2-р байранд номын санч Б.Жаргал, 3-р байранд номын санч Б.Цэрэнпүрэв нарын илтгэл тус тус  шалгарлаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх