2019 оны 12 сарын 14
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

ФРАНЦ УЛСЫН МУЛАН ХОТЫН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАР МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Франц улсын Аллер мужийн Мулан хотын нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ив Шани, эх баригч Марилин Тэувс нар APAU нийгэмлэгийн хүрээнд Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дурангийн мэс засалч, арга зүйч эмч нарын хамт аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд энэ сарын 7-11-ний өдрүүдэд ажилласан байна.

Ажиллах хугацаандаа аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт Шээс задгайрлын эмгэг, үтрээний булчин чангалах мэс заслын эмчилгээнд Франц улсад өргөн ашиглагдаж буй оношилгоо, эмчилгээний арга, технологийн мэдлэг олгох, эх баригч нарт ургийн зүрхний бичлэг, ургийн мөр тээглэх, үүнтэй холбоотой бэрхшээлийн үед авах аргачлалын тухай мэдлэг олгох сургалтуудыг зохион байгууллаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дурангийн мэс засалч Б.Ганхуяг аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран үргүйдлийн үеийн дурангийн мэс заслын оношилгоо, эмчилгээг гурван иргэнд, шээс задгайрлын үеийн ТОТ мэс заслын эмчилгээг таван хүнд тус тус амжилттай хийв.

Мулан хотын нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ив Шани Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг, ур чадвар маш сайн байна. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн үеийн анхан шатны оношилгоог маш сайн хийдэг юм байна. Орон нутагтаа үргүйдлийн үеийн дурангийн оношилгоог хийх эмч нарын чадвар сайн байна. Харин дурангийн хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлжээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх