2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

“ЭРҮҮЛ ШҮД- ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ТАВДУГААР САРЫН НЭГНЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн Аюуш баатрын талбайд зохион байгууллаа.

Тус хөтөлбөрөөр эхний ээлжинд 2-6 насны хүүхэд нэг удаа хамрагдах ба дараагийн ээлжинд 7-12 насны хүүхэд хамрагдахаар удирдамжид тусгасан байна. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх юм.

Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг аймгийн хэмжээнд тав дугаар сарын 1-ний өдөр эхлэх бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн “Батсурвалж”, “Хаппи дент” “Гантиг” хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд үзлэг, оношилгоо, эмчилгээг хийх юм. Иргэд хүүхдээ үзүүлэхээр ирэхдээ бичиг баримттайгаа ирж үзлэг бүрт цагийн хуваарийн дагуу оочер дугаараа авч үйлчүүлнэ гэдгийг албаныхан хэллээ.


Өвөрхангай аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар 2-6 насны 13606, 7-12 насны 13543 хүүхэд бүртгэлтэй байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 6 настай зорилтот бүлгийн 903 хүүхдээс 807 хүүхдийг хамруулахад 80,0 хувь нь, 12 настай зорилтот бүлгийн 663 хүүхдээс 607 хүүхдийн хамруулахад 76.2 хувьд нь шүдний цоорлын тархалт илэрсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Я.Жаргал болон холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төв, шүдний хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нар, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх