2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

Д.ОДОНЧИМЭГ: ӨГЛӨӨН НАРНААС ӨМНӨ МОДОО УСЛААД ЗОГСОХ ХАМГИЙН САЙХАН

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумыг зорин очлоо. Учир нь Өвөрхангай аймгаас 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан бөгөөд иргэд, аж ахуй нэгж өөрсдийн хашаа хороог хэрхэн тохижуулж буй талаар сурвалжлан, тэдний үлгэр жишээч байдлыг бусдад түгээхийг зорьсон юм. Гучин-Ус сумын эмийн санч Д.Одончимэг гэх энэ эмэгтэй хөдөлмөрч хичээнгүй байдлаараа нутаг орныхондоо үлгэрлэж, хүндлэгдэн яваа юм. Тэрээр 2002 оноос хойш хашаандаа мод, хүнсний ногоо, цэцгийн мандал тарьж эхэлсэн байна.

-           Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-          Намайг Даваадоржийн Одончимэг  гэдэг. 1978 онд сургуулиа төгч ирээд сумынхаа эмийн санд ажиллаж байна. 2002 оноос эхлэн өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах, аятай тухтай байдлыг бий болгох үүднээс хашаандаа мод тарьж эхэлсэн. Тарьсан мод бүхэн ургаж, урамшаад одоог хүртэл мод тарьж, түүндээ дурлаж, өдрөөс өдөрт арчлан хамгаалж явна даа.

-          Хашаандаа хэчнээн төрлийн ургамал, ногоо тариалж байна вэ?

-          Модны тухайд нэг л төрлийн мод тарьж ургуулдаг. Байшингийнхаа урд талбайд зүлэг тарьж, цэцгийн мандал суулгасан. Миний хөгшин ээж энэхүү цэцгийн мандал байгаа газар суугаагаараа бурхан болж байсан учир цэцэг суулгаж байлаа. Анх автомашины дугуйны обуд дотор жижиг мандал бий болгож, сайхан ургаад ирэхээр нь урамшиж талбайг нь томсгож суулгасан. Мөн жижигхэн байсан дэрс өндөр ургаж байна. Тиймээс хөгшин ээжийнхээ өөд болсон газарт өглөө болгон цай сүүнийхээ дээжийг өргөж, цэвэр усаар усалж, гороо хийж залбирдаг.

 

-          Таны хувьд хашаандаа мөн хүнсний ногоо тарьсан байна шүү дээ?

-          Тиймээ. Төмс, хүнсний ногоо тарихаас гадна хүлэмжиндээ нарийн ногоо тариалж байна. Өөрийн гараар бэлтгэсэн хүнс хамгийн эрүүл, амт чанар сайтай байдаг.

-          Таныг нутаг усныхан нь их хөдөлмөрч эмэгтэй хэмээн хүндэтгэн, үлгэр дуурайлал авдаг тухай ярьж байна.

-          Хүн хөдөлмөрлөж түүнээсээ аз жаргал мэдрэх хамгийн сайхан. Миний хувьд өглөөн нарнаас урьтаж хашааныхаа мод, ногоог усалдаг. Мөн зэрлэгээ зулгааж үхрийнхээ тэжээлийг бэлдэж байна. Хашаанд ургасан зэрлэг, өмхий ногоо тэр чигтэй малын тэжээл болдог. Манай сумынхан хашааны ногоо үнэхээр малын сайхан тэжээл болох юм аа гэж хэлдэг болсон. Түүнчлэн хашааны ар, өврийн хогийг өглөө бүр цэвэрлэж түүгээд уутлаад тавьчихдаг. Хашааны дотор тал биш гадна тал нь ч мөн адил сайхан цэвэрхэн байгаасай гэж бодож ажилдаа явахаасаа өмнө хогоо цэвэрлэчихээд явдаг даа. Хажуу айлууд үлгэр жишээ авч нээрээ л хашаа хороогоо цэвэрхэн байлгаж, мод бут тарих хэрэгтэй юм байна гэж мод тарьж эхлэж байна. 

-          Энэ жил шинээр мод суулгасан уу?

-          Энэ жил хашааныхаа урд талаар мод тарьсан. Бүгд сайхан ургаж өндөр болж байна. Сайн сайхан байхын төлөө хийгээд ирэхээр үр хүүхэд, ач зээ нар хүртэл дуурайгаад ирдэг. Миний ач хүү цэцгээ тасдахгүй, зүлгэн дээгүүрээ хөл нүцгэн явдаг.

-          Мөн эмийн сангийнхаа хашаанд мод тарьсан гэж сонслоо.

-          Эмийн сангийн барилга баригдаж, түүнийхээ гадна талд энэ жил мод тарьж, явган хүний зам хийж, бие засах газартай болгож тохижууллаа.  Мөн л өглөө ажилдаа очоод гадна талдаа хог хаягдал байвал түүгээд авчихдаг даа.

-          Усалгааны асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-          Хашаандаа гүний худаг гаргаж мод, ногоогоо усалж байгаа. Хүнсний ногоо услах усаа урьдчилан бэлдээд усалдаг.

-          Танд баярлалаа. 

1 сэтгэгдэл байна

  • mundag emegtei

Сэтгэгдэл үлдээх