2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АРВАЙХЭЭР СУМАНД БОЛНО

ТED-X буюу Олон улсын лиценз бүхий арга хэмжээг Өвөрхангай аймгийн “Уран илтгэгч төв” ТББ, “Гэгээн үйлс-Хамтын оролцоо” ТББ хамтран зохион байгуулах албан ёсны эрхийг авсан юм. Тус арга хэмжээг энэ сарын 24-нд Арвайхээр суманд “Амин байгалиа хайрлъя” уриатайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

TEDx чуулга уулзалт нь дэлхийн шилдэг сэтгэгч, шинийг санаачлагч, туурвин бүтээгчдийг оролцуулан технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилтэт шинэ санаа санаачилгыг танилцуулан, илтгэлээ толилуулж, санаа бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм. TEDx-ийн гол зорилго нь шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд түгээх, хуваалцахад оршдог бөгөөд хамгийн ихдээ 18 минутад багтаан илтгэх ёстой байдаг байна.

Тус арга хэмжээ нь олон улсын хөтөлбөрийн дүрмийн дагуу TEDx-ийн тайзан дээр илтгэл танилцуулах 10 сурагч, 2 насанд хүрэгчдээ 3 үе шаттай нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд сонгосон байна. Түүнчлэн илтгэгчид “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн ажилтай уялдуулан байгаль орчныг хайрлан хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит гарц шийдлүүдийг илтгэлдээ агуулсан байх шаардлагатайаж.

TED-X арга хэмжээг дэлхийд анх удаа 1984 онд технологи, энтертайнмэнт, дизайн салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран чуулж, зохион байгуулж байсан байна. Харин Монгол улсад TEDx-ийн анхны арга хэмжээг албан ёсны лицензтэйгээр 2011 онд сайн дурын идэвхтэй залуучуудаас нэгдсэн баг бүрэлдэхүүн зохион байгуулж байжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх