2019 оны 08 сарын 19
ӨВӨРХАНГАЙН БАХАРХАЛ

Богинын дуу дуулахаар дээс эвхэж байгаа юм шиг санагдаад байдаг юм

Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан хаваржиж байна уу та?

Сайхаан, тавлаг хаваржиж байна. Энэ хавар манай сум цас их ороод жаахан хэцүү дүү болох нь дээ гэсэн чинь харин ч гайгүй. Сайхан хавар болж байна. Мал төллөөд, төл мал сайхан л бойжиж байна даа.

Танай нутгийнхан таныг Дөмөн Дулмаа гуай хэмээн авгайлан дуудах юм. Тэгэхээр би Дөмөн Дулмаа гэдэг хүний туулж ирсэн амьдралын зам мөрийн тухай ярианаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо.

Би уг нь Доржийн Дулам гэж ахаараа овоглодог юм. Одоо харин Дөмөн Дулмаа болж дээ. Дөмөн гэдэг нь миний дуулдаг уртын дуу байгаа юм. Би чинь эхээс зургуулаа, айлын  ганц охин. Ээж минь намайг бага байхад ингэ хөөсөлдөг их гоё хоолойтой, хүмүүс чагнаад л зогсчихдог байсан гэдэг. . Би аавыгаа сайн мэддэггүй юм. Миний аав их хөгжилтэй, дандаа хүн инээлгэдэг хүн байсан гэж хүмүүс ярьдаг юм. Миний аав ээж хоёр аль аль нь л наргианч,  дуучин хүмүүс байсан гэдэг.

Анх  арвангурван настайдаа дууны тэмцээнд орж аймагт шалгараад түүнээс хойш тасралтгүй дуулж явсан даа. Архангай аймгийн Соёлын ордонд 1950 онд орж 20 гаран жил ажилласан. Энэ хугацаандаа Архангайн алдарт дуучин Дулам гээд л цоллуулж явлаа.

Одоо төрсөн нутаг Өлзийт сумандаа хэдэн малаа маллаад амьдарч байна даа. Манай хань чинь урлагт ер нь дургүй, хотод театрт дуучинаар ажиллая гэсэн чинь дургүйцээд тэгээд л больчихсон. Гэхдээ дөмөн дуугаараа Өвөрхангай аймгийнхаа нэрийг хоёр гурван ч удаа гаргаж улсын уралдаанд оролцож алтан медаль, бас бус зөндөө л шагнал авч явсан. Ижийн минь ганц байгалиас заяасан хоолой л намайг өдий зэрэгтэй явуулж байгаа гэж боддог. Түүнээс биш би мэргэжлийн дуучин биш, арай гэж 4 дүгээр анги л төгссөн тийм л хүн байгаа юм.

Та сая яриандаа 13 наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан гэж ярилаа. Энэ урлагын замд ороход хэн танд нөлөөлсөн бэ? Зааж зөвлөж байсан багш байсан бол энэ тухайгаа ярихгүй юу?

Намайг сургуульд ороход Гомбожав захирал, Цагаанбанди багш гэж хүмүүс байсан. Энэ хүмүүс л намайг дуугаа дуул гэнэ. Тэгээд арвангуравтайдаа дууны тэмцээнд сургуулиасаа шалгараад тэрнээс хойш бүх сумдаар тойрно, ямар л урлагийн арга хэмжээ болно тэнд л би явдаг болсон доо. Тэгээд 17,18-тайдаа Улаанбаатар хотруу орж  ажил хийж байгаад тэндээсээ Архангай аймгийн Соёлын ордонд очсон. 

Таныг улс, аймаг, бүсийн чанартай уртын дууны уралдаан тэмцээнд дуулахад өгч болох хамгийн өндөр оноог маргахгүй өгдөг байсан гэж ярилцах юм билээ. Таны амьдралын утга учир болсон энэ уртын дууг хичнээн жил дуулж байна вэ?

Нас сүүдэр маань 83 хүрч байна. Одоо ч дуулахад хоолойны минь өнгө хэвээрээ л байгаа. 13 настайгаасаа хойш дуулсан гэвэл 70 жил дуулж дээ. Одоо бол цагаан сар, билигтэй өдрүүдээр, наадам наргианаар ах дүүс, хүүхдүүддээ дуулж өгнө. Нас өндөр болсон байж хашгираад байх эвгүй юм, гэхдээ насаараа дуулж явсан болохоор яадаг юм л гэж боддог доо буурал нь.

Та бол Дөмөн уртын дууны өвлөн уламжлагчаар соёлын өвийн бүртгэлд бүртгэгдсэн гайхалтай авьяастай хүн. Та энэ дууны онцлог, үүх түүхийн талаар яривал уншигчдад маань сонирхолтой байх болов уу...

Дөмөн гэдэг дууны өнгөнд барагтаа хүний хоолой хүрдэггүй юм гэж багш маань ярьж байсан юм. Намайг анх сурч байхад багш маань Төмөр гэж хүний пянзийг тавьж өгөөд “дагаад дуулаад суу, тэгж байж  л сурна” гээд  би нэлээд хэдэн өдөр дагаж дуулж байж сурсан. Багш минь хоолой чинь эвдэрнэ гээд богино дуу дуулуулдаггүй байсан. Одоо би богинын дуу дуулахаар дээс эвхэж байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тэгсэн мөртлөө мэднэ, дуулна.

Ингэхэд Та хэдэн шавьтай  вэ? Дөмөн дууг таны шавь нар дотроос тэр л нэг сайн дуулаад байгаа гэх шавь байгаа байх...

За яг дөмөнг жинхэнээр нь дуулах хүн гарч ирэхгүй л байна. Зааж өгөхлөөр хоолой нь хүрэхгүй юм. Харин өөр уртын дууг бол нэлээд заасан. Миний шавь Сумьяа гэж дуучин бий. Тэгээд би энэ Сумьяадаа богинын дуу Эр бор харцагыг зааж өгч байлаа. Монгол Улсын Гавьяат Жүжигчин болсон дуучин.

Өөр бас шавь нар бий. Сумынхаа сургуульд 13 хүүхдэд уртын дуу зааж байлаа. Цугаараа л уралдаан тэмцээнд амжилттай оролцоод, медаль зүүгээд л байгаа  дуулддаг юм.

Төв халхын уртын дуугаар олон сайхан дуучин төрсөн ч Дөмөнг тань цартай дуулдаг хүмүүс байдаг болов уу?

Өө байдаг байх. Буурал нь  сайн мэдэхгүй л байна. Гэхдээ сүүлийн үед янз янзын л дуучид их гарч ирж дуулдаг болж. Хэн нэгэн хүн “Дөмөн” дууг маань дуулж байна гээд сүйдэлчих вий дээ гэж  айдаг. Тэмцээнд ороход Дөмөнг дуулдаг хүн цөөхөн л байдаг. Тэгэхээр нь би дотроо баярлаад энүүгээрээ л нэг юманд хүрвэл хүрнэ, хүрэхгүй бол хүрэхгүй биз гэж боддог байлаа.  Дөмөн өөрөө хоолойны царааг маш их шаардсан дуу л даа.

Мэргэжлийн багш нар ярихдаа манай Сумьяа бол цохилт ихтэй хоолойтой, намайг болохоор цэргүй яг л нэг өнгөөрөө явдаг хоолойтой гэж ярьдаг юм. Норовбанзад, Дорждагва гуай нар бүгд л “Миний охин энэ хоолойгоороо л дуулах юм шүү” гэж хэлдэг байсан.

Өдийг хүртэл дуундаа хайртай байгаа Танаар бахархахгүй байхын аргагүй юм. Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн  шагнал тань юу байв?

Төрийн минь сүлд надад их юм хайрласаан. Төрдөө би хайртай, төр л намайг дэмжиж явсан. Хөдөлмөрийн хүндэт медаль авч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан гэсэн 2 том шагнал авсан. Өөр бас зөндөө шагналууд бий. Бүгд л төрийн мань хайрласан төрийн шагнал болохоор бүгдэнд л хайртай.  Архангай, Өвөрхангай хоёр аймгийнхаа нэрийг багагүй л гаргаж явсан. Цэрэннадмид, Сумьяа нар бол намайг андахгүй дээ.

Тантай хүүрнэн суухад сайхан байлаа. Уртын сайхан дуу шигээ урт удаан насалж,  үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо Дөмөн хэмээх энэ сайхан дуугаа дуулж, биднийгээ баясгаж яваарай гэж сэтгүүлийнхээ уншигчдын өмнөөс хүсэн ерөөе.

Ерөөл бат оршиг ээ хүү минь болтугай. Та бүхэн минь ч гэсэн урт насалж удаан жаргаж буурай ээж шигээ урт наслаг, ажил төрөл чинь өөдрөг бүтэмжтэй байх болтугай гэж ерөөе.

ЭХ СУРВАЛЖ: СОЁМБО СЭТГҮҮЛ 4 ДҮГЭЭР ДУГААР 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх