2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

БАТ-ӨЛЗИЙЧҮҮД НАЙМ ХОНОГ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХГҮЙ

"Архидалтгүй-Өвөрхангай" шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дүгээр захирамжаар "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж, байгууллага" аяныг 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хор уршигийг сурталчлан таниулах соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр аймгийн 19 сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч нийт 5000 гаруй иргэдэд “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн, архигүй Монгол хөдөлгөөний соён гэгээрүүлэгч, удирдахуйн ухааны магистр А.Батсайханыг урьж нэг сарын хугацаанд “Монгол хүний үнэ цэнэ, түүнд сөрөгөөр нөлөөлж буй архидалтын хор уршиг”, “Архинд дондох өвчнөөс ангижирах арга зам“ зэрэг сэдвүүдээр лекц уншиж, иргэдийн сэтгэлгээ хандлагад нөлөөллийн ажил зохион байгуулсан.  
Энэхүү сургалтын үр дүнд Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 47 аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нар найм хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх саналыг гарган хэрэгжүүлж байна.   

Энэхүү аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэх, идэвхижүүлэх, алба хаагчдийг хариуцлагажуулах, архины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагад туг, дэвтрийг аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлүүд өдөр бүр ажиллах ба Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах зорилготойгоор амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх