2019 оны 10 сарын 23
ӨВ УЛС ТӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Сумдын удирдлагууд аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах үеэр аймгийн удирдлагууд цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, төсвийн хувиарлалтын талаар сумдын удирдлагуудад мэдээлэл өгч, сум орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдахын төлөө чармайж ажиллахыг зөвлөлөө.

Засаг дарга Г.Ганболдын хэлснээр 2018 оны санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан асуудал олон байсан тул сумдын Засаг дарга нар төсвийн шууд захирагч нар хуулийн хүрээнд ажиллаж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллахыг үүрэгдлээ. Мөн аймгийн хэмжээнд зөвхөн боловсролын салбарт л гэхэд тэтгэврийн нас нь болсон ч ажилласаар байгаа 90 гаруй албан хаагчид байгааг дурдаад тэтгэврийн насны албан хаагчдыг ажлаас чөлөөлж, залуучуудыг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулахыг онцгойлон анхаарууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүргэж, сар шинийн баяраар архидан согтууралт нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллахыг санууллаа. Түүнчлэн тохижилт, ногоон байгууламжийн жилийн хүрээнд сум, баг, айл өрх бүрийг орчноо тохижуулахад идэвхтэй оролцуулах, уриалах талаар зөвлөлөө.