2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

АВТОМАТ  ДАРАЛТЫН АППАРАТЫГ 10 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГТ СУУРИЛУУЛЛАА 

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” хэмээн зарласан. Жилийн ажлын хүрээнд ЭМЯ-аас 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилт бүхий “Эрүүл мэнд-8\20” хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан, орон нутгийн төсвийн хөрөнгө 3 сая 292 мянган төгрөгийн өртөг бүхий автомат  даралтын аппаратыг иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг 10 цэгт суурилууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний танхим, БОЭТ-ийн цахим үйлчилгээний танхим, Арвайхээр сумын ЗДТГ-ын нэг дүгээр давхар, багийн нэгдсэн төвүүд, аймгийн Архивын үйлчилгээний танхим, Хангамж худалдааны төвийн нэг дүгээр давхарт тус тус суурилуулсан юм. Ингэснээр иргэд олон нийт төрийн байгууллагаас үйлчилгээ аван гарахдаа өөрийн цусны даралтыг хянаад гарах боломж бүрдэж байна.  

Тус аппаратыг хэрхэн ажиллуулах заавар болон цусны даралтын хэмжээ, зүрхний цохилтын хэмжээг нас насны онцлогоор харуулсан тайлбарыг хамтад нь байршуулах юм. 

Дашрамд дурдахад, Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар даралт ихсэх шалтгаанаар 10 нас баралт, тархины цус харвалтын шалтгаанаар нас баралтын 79 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 12 хувийг эзэлж байна. Мөн даралт ихсэх өвчлөл 4292 бүртгэгдсэн бөгөөд нийт халдварт бус өвчлөлийн 7,2 хувийг эзэлж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх