2020 оны 01 сарын 19
ӨВ НИЙГЭМ

ААВ, ЭЭЖЭЭСЭЭ ХАГАЦАЖ ҮЛДСЭН НЭГ АЙЛЫН ТАВАН ХҮҮХДЭД НЭГ ӨРӨӨ БАЙР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хорвоогийн хатуу жамаар аав, ээжээсээ хагацаж үлдсэн нэг айлын таван хүүхдэд аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс нэг өрөө байрыг өнөөдөр \2019.09.01\  гардуулан өглөө.

Хүүхдүүдийн аав зуурдаар мөнх бусыг үзүүлсэн бол ээж нь өнгөрөгч гуравдугаар сард уушигны хорт хавдар хүндэрсэн хэмээх оноштойгоор аймгийн БОЭТ-ийн мэс засал, хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Тэр үеэс тус тасгийн хамт олон гэр бүлд туслах хандивийн аян өрнүүлж, аймаг орон нутгийн удирдлагууд саналыг дэмжин бодит ажил болгон өнөөдөр ийнхүү биелэлээ оллоо.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд том хүү Н.Ариунболдод байрны түлхүүрийг гардуулан өгөхдөө “Өсөх насандаа эцэг эхээ үүрд алдана гэдэг маш хүнд хэцүү даваа. Тэр хүнд хэцүү давааг туулахад нь бид хүч дэм болох ёстой. Тиймээс өнөөдөр таван дүүдээ шинэ байрны түлхүүрийг нь гардуулж, амьдралд нь багахан ч гэсэн гэрэл гэгээ нэмлээ” гэв. Мөн байгууллага хамт олон тус хандивын аянд нэгдэж мөнгөн тусламж үзүүлснээр тэдний банкны зээл, бусад санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Таван хүүхдийн хамгийн том нь 8 дугаар ангийн сурагч, хамгийн бага нь 1 ой 7 сартай хүүхэд байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх