2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

48 ХҮН СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн хүн амын дунд сүрьеэгийн тархалт улсын дундажтай харьцуулахад 0,8 хувьтай буюу дундаж түвшинд байна. 2016 онд 65, 2017 онд 73, 2018 онд 48 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, эдгэрэлт 92 хувьтай байгаа юм.

Сүрьеэгийн өвчлөлийг дотор нь эмэнд тэсвэртэй, олон эмэнд тэсвэртэй хэмээн ангилдаг бөгөөд 2013 оноос хойш 28 хүн эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж, хоёр хүн эмчилгээгээ тасалсны улмаас нас баржээ. Одоогийн байдлаар 3 өвчтөн эмчийн хяналтад эмчлүүлж байна.

Сүрьеэ өвчин нь дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа ба манай улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд ордог.

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг бөгөөд ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг аж. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, 90 хувь нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх