2019 оны 10 сарын 23
ӨВӨРХАНГАЙН БАХАРХАЛ

2013 онд “Улсын брэнд айраг” өргөмжлөл авч байжээ

Өлзийт сумын 3 дугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатар

 Гэр бүлийн хүний хамт 36 жил хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж,халуун хошуут малынхаа буян, ашиг шимийг хүртэн төр, түмэндээ нэр хүндтэй ажиллаж, амьдарч явна. Тэрбээр 2018 онд 1215 толгой мал тоолуулжээ. “Өнгөрсөн жил Өлзийтөд цас их унаж зудын байдалтай өвөлжсөн. Энэ жил цасгүй, цаг дулаан байгаа ч хавар яахыг хэлж мэдэхгүй нь" хэмээн хаширлаж суугаа аварга малчин маань “Малаа сайн маллаж чадвал арвай буудай шиг л үрждэг сайхан шүү дээ. Гэхдээ одоо тоог биш чанарыг харж, эдийн засгийн ухаантай амьдрах ёстой” хэмээн санал бодлоо ярьж байсан юм.  Тэднийх жил бүр аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцдог ба 2013 онд “Улсын брэнд айраг” өргөмжлөл авч байжээ. 2007 онд “Сумын сайн малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”, 2015 оноос “Мянгат малчин” гэх алдар цолыг хүртсэн ба 2018 онд нийт 1215 толгой мал тоолуулан Улсын сайн малчин гэх эрхэм алдрыг хүртсэн юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх