ХУЖИРТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд шинэ цэвэрлэх байгууламж байгуулах гэрээг зургадугаар сарын 18-нд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Санжат” ХХК-ийн захирал Ж.Төмөрхуяг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Хужирт суманд 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр цэвэрлэх байгууламж барихаар болсон бөгөөд үүний 2.9 тэрбумыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх юм.

Ингэснээр манай Хужиртын цэвэрлэх байгууламжгүйн улмаас тулгамдсан асуудал шийдэгдэж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшлэх ач холбогдолтой.