Шатар хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Шатар” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Уг хөтөлбөр 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаар тогтоолоор баталсан бөгөөд энэ жил дуусч байгаа юм.

Өнгөрөгч хугацаанд шатрын спортод хүүхдүүдийг сургах, түүгээр дамжуулан төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийн үр дүнд 271 цэцэрлэг, сургуулийн 33 дотуур байр, 5 спорт зааланд шатрын булан байгуулж, шатар тоглох орчинг бүрдүүлэн ажиллажээ. Шатрын дугуйланд хамрагдаж байгаа хүүхдийн тоо 2013-2014 оны хичээлийн жилд 3707 байсан бол энэ жил 10600-д хүрсэн байна. Шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 10 гаруй төрөлжсөн тэмцээнийг зохион байгуулж хэвшсэн байна.

Шатрын багш, дасгалжуулагчдад тогтоосон цалин, урамшуулал байхгүйгээс хүүхдүүд төлбөр төлж сургалт авдаг бөгөөд энэ нь шатрын спортыг хөгжүүлэх тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх үүднээс шатар, даамны зэрэгтэй багшийн орон тоо, цалингийн асуудлыг 2021 оны аймгийн төсвөөс шийдэж өгье” гээд тооцоо, судалгааг гарган саналаа оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.