ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.ЧИМЭДДАГВА: ЦАГДААГИЙН АЛБАНД 20 ГАРУЙ ЖИЛ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН

     Цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан танд баяр хүргэе? Баярын сэтгэгдэлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

–          Баярлалаа. Би ЕБС-ийг төгсөөд Цагдаагийн дээд сургуульд элсэн орсон. Сургуулиа төгсөөд  Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр  томилогдон ажилласнаас хойш 22 дахь жилдээ Цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр Монголын Цагдаагийн эрхэм дээд цол Хурандаа цолоор хүртсэндээ баяртай байна.

–          Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллахад баяр жаргалтай үе, хүнд хэцүү үеүд их байсан байх. Багахан хэсгээс хуваалцахгүй юу?

–          Нэгэнт цагдаагийн сургуулийг төгсөөд эх орныхоо өмнө тангараг өргөөд зүрх сэтгэлээрээ зүтгэнэ гэж хүсэл эрмэлзэлтэй байсан учир бэрхшээл шантрал гэдэг зүйлийг ажралгүй явдаг. Хоёргүй сэтгэлээр хамт олныхоо нэгэн адил мөр зэрэгцэн явсны үр дүн нь өнөөдөр гарлаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж би хэлэх дуртай. Албан ажлаараа үргэлж бахархаж, талархаж явдаг.

–          Эрүүгийн цагдаагийн алба маш их онцлогтой шүү дээ?

–          Тэгэлгүй яахав. Монгол төрийн цагдаагийн нүд чих болсон тэргүүлэх алба. Энэ албаараа овоглож, өдий зэрэгт хүрсэндээ үргэлж бахархаж явдаг. Эрүүгийн  цагдаагийн алба нь нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт этгээдийг олж тогтоох, энэ чиглэлээр үндсэн үйл ажиллагааг явуулдаг нэр төртэй алба.

–          Эрүүгийн албанд хэдэн жил ажиллав. Гэмт хэргийг илрүүлнэ гэдэг амаргүй байх…?

–          Эрүүгийн албанд 18 жил ажилласан. Энэ ажиллах хугацаандаа олон онц ноцтой хэргүүд дээр ажиллаж байлаа. Далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ тангараг өргөсөн хүнийхээ хувьд шантралгүйгээр зүтгэн ажилласан. Олон олон хэргүүдийг хамт  олныхоо хүчээр, мэргэжлийн өндөр ур чадвараар илрүүлж ажиллаж байсан учир хамт олноороо л энэ цаг мөчид бахархаж байна даа.

–          Цаг наргүй албанд ажилладаг хүний ар гэрийнхэн хамгийн их түшиг тулгуур болдог болов уу?

–          Үе үед ажиллаж байсан хамт олон, Эрүүгийн цагдаагийн тасаг гэх их айлд хамтран ажиллаж байсан ахмад буурлууд, залуучууд, дарга удирдлагууддаа баярлалаа. Мөн цаг наргүй их ажлыг минь ойлгож ар гэрийн ажлыг үргэлж зохицуулж байдаг ханьдаа, гэр бүлийнхэн, аав ээждээ баярлаж талархаж явдгаа хэлье.

–          Цөөн хором ярилцсан танд баярлалаа.