133 ИРГЭН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ ХАМГААЛАХ БАЙРААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БАЙНА

2015 оноос хойш Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Түр хамгаалах” байраар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 54 эмэгтэй, 81 хүүхэд хамгааллын үйлчилгээг авсан байна. Үүнээс  нэг эмэгтэй гурван удаа давтан үйлчлүүлсэн тоо баримт байгаа юм. Энэ бол зүрх зориг гарган тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн тоо. Гэтэл хаана хандахаа мэдэхгүй, биеийн болоод сэтгэл санааны дарамтад байнга өртөж, цоожтой хаалганы цаана зодуурын бамбай болж байгаа олон хүн бий.  

Иймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбон зуучлах, зөрчигдсөн эрхийг сэргээх, холбогдогчийн зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах зэргийг хуульд зааж өгсөн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2019 онд нийт  53 иргэнийг албадан сургалтад хамруулан ажиллажээ.

Өнөөдөр “Түр хамгаалах” байрны үйл ажиллагааг өргөжүүлэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээж байгаа нь нэг талдаа сайн зүйл хэдий ч нөгөө талдаа огт баярлах зүйл биш гэдгийг албаныхан онцолж байна.

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааны үеэр  Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Нямгэрэл 

“Хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулж, эрхийг сэргээх, нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэн, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Хүчирхийлэл үйлддэг, үйлдэх магадлал өндөртэй хүмүүстэй илүү ойр ажиллах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн бүхий л төвшинд үйлдэгддэг гэмт хэрэг юм. Тиймээс хүчтэний өмнө хүчгүй нь мөхөстдөг энэ нийгэмд үр хүүхдэдээ зөв хандлага төлөвшүүлэн ирээдүйд хүчирхийлэлгүй сайхан нийгмийг бүтээлцэх ёстой” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.